50 мянган ширхэг PCR оношлуур хандивлав

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 658 сая төгрөгийн үнэ бүхий 50 мянган ширхэг PCR оношлуурыг ЭМЯ-нд хандивлалаа.

Тус нийгэмлэг олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. 

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Коронавируст цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын Улаан загалмай нийгэмлэг ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж буй юм.

Ташрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлжээ.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн газрын дарга О.Номин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.