Цагаан сарыг "өнжих" найман аймаг

"Ковид-19"-ийн халдварын шинэ хувилбар "Омикрон" дотоодод бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд халдварын давалгаа эрчимжсэнтэй холбогдуулж, зарим аймгийн Онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргаад байгаа юм. Энэ хүрээнд Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хүнсний зах, худалдааний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.

Говьсүмбэр

Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ. 

Баянхонгор

Баянхонгор аймагт "Омикрон" хувилбар бүртгэгдсэнэй холбогдуулж, олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарласан байна. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа юм. 

Ховд

Ховд аймгийн Онцгой комиссоос Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон байна. Энэ хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ныг хүртэл зохион байгуулахгүй байх захирамж гаргасан байна.

Увс

Энэ сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Дорнод

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг хязгаарласан байна.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Орхон

Хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Завхан

Энэ нэгдүгээр сарын 14-нээс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Учир нь тус аймагт Ковид19 халдварын тохиодол цөөнгүй бүртгэгдэж байгаа бөгөөд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байгаа аж. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна. 

Дархан

Энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй болжээ.