Э.Бат-Үүл: Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд өмгөөлөгчөөрөө дамжуулан уриалга гаргасныг Гэр хороолол хөдөлгөөнөөс мэдээллээ. 

Уриалгад "Миний бие, 2002 оны 11-р сард Сүхбаатар талбайд "Трактортой цуглаан" зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод айгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн. Үр дүнд нь УБ хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн. Түүнээс хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцсээр ирлээ. 2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон.

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар АН ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг зогсоож, үүнийг зориглож хийх гэсэн компаниудын санхүүжилтийг гацааж, өрөнд оруулсан. Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлган, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэрх "Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэсэн прокурорын үг нотолж байна. Тэд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ. гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй. Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна. Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү. Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа. Эрдэнийн Бат-Үүл" гэжээ.

Мөн "Э.Бат-Үүлийг гэр хороололтой нь хамт хорилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн жадлан эсэргүүцэж байсан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т өгнө" гэдгийг хөдөлгөөнийхөн хэллээ.