"Омикрон"-ы үед гэрийн нөхцөлд эмчилгээг ингэж хийнэ

ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний гавьяат эмч Ц.Чинбаяр Омикрон хувилбарын үед гэрийн эмчилгээ хэрхэн хийх талаар иргэдэд зөвлөмж өглөө.

Тэрбээр ""Омикрон" хувилбарын халдвартай байх хугацаа нь харьцангуй богино. Халдвартай иргэдээ заавал 10 хоног биш тав хоног тусгаарлах нь зөв. Энэ тав хоногт иргэд хатуу гэрийн хорионд байж, халуун шингэн зүйл сайн ууж, дархлаагаа дэмжин сайн унтаж амрах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд харьцангуй халдварын эрсдэлгүй болох юм. Тухайн халдвартай иргэн тав хоногийн хугацаа нь өнгөрсний дараа эрсдэлгүй болсноор гадуур гарч болно. Заавал маск зүүж, зайгаа бариарай гэсэн өөрчлөлтийг удирдамждаа оруулсан.

Хоёр, гуравдугаар тундаа хамрагдсан учир харьцангуй эрсдэл багатай, хүндрэлээс сэргийлэх нотолгоо бидэнд байна. "Омикрон" хувилбарын үед уушгины хатгалгаа болж, амьсгалын дутагдлаар хүндрэх нь бага. Иргэдийн эмнэлэгт хэвтэх эрэмбийг өөрчилнө. Эрсдэл багатай, хүндрэл бага байгаа учир иргэдийг тус халдвараас хэтэрхий айж, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Хоолойгоо зайлж, шингэн халуун уух зүйлээ ууж, унтаж амрах нь чухал. Шөнө унтсан ч давчдан, амьсгалж чадахгүй, архаг хууч өвчин сэдрэх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт очиж тусламж авахыг зөвлөж байна. Бусад тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу өөрт илрэх шинж тэмдгийг эмчилье, хүлээцтэй байя чиглэл рүү явна.

Иргэд антибиотик ууж эхэлдэг. Вирусийн халдвар хөнгөн маягаар явж байгаа энэ үед тэгж их эм, антибиотик хэрэглэх нь эргээд хор хөнөөлтэй юм. Хэт их антибиотик хэрэглэснээр нянгийн тэвсэртэй омгуудыг бий болгоно. Коронавирусийн халдвар намжсаны дараа бид эргээд антибиотикийн нянд тэсвэртэй омгуудыг дийлэхгүй түвшинд хүрэх эрсдэлтэй. Зөвхөн Монголд биш, дэлхийн нийтэд том асуудал болно. Тиймээс хөнгөн өвдөж байгаа нөхцөлд антибиотик хэрэглэхгүй байя” гэв.