Ж.Энхбаяр: Казино бол хүн айж, ичээд байх зүйл биш

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль дотор яваа. Казиногийн хууль, Төлбөрт тааварт, бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг давхар өргөн барьж байгаа" гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Казиногийн хуулийг төслийг өргөн барих талаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол мэдэгсэн юм. Түүний хувьд Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр "Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Төсөл нь явж байгаа. Ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлсэн үг Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролын байр сууриар баталгаажсан нь энэ.

Монгол Улсад казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай ганцхан зүйлтэй хуулийг 1999 онд баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин хуулийг хүчингүй болгож, казино болон бооцоот морин уралдааныг зохион байгуулах хуулийн төслийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байсан ч шийдлээ ололгүй замхарсан юм. 

Тухайн үед УИХ-ын гишүүдийн зүгээс Казиногийн хуулийг дэмжсэн агуулгатай байр суурийг илэрхийлж байлаа. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр. Тэрбээр "Казино бол хүн айж, ичээд байх зүйл биш. Жишээлбэл, Өмнөд Солонгос казиног саяхан байгуулсан. Ингэхдээ өөрийн иргэдээ казино буюу бооцоот тоглоом тоглох болоогүй, эдийн засгийн чадавхи бүрэлдээгүй гэж хязгаарладаг. Сингапур хоёр жилийн өмнө казино байгуулсан. Иргэд нь хувь хүний төлөвшил сайтай, улс нь эдийн засгийн бололцоо мундаг Сингапур дөнгөж саяхан иргэдээ тоглохыг зөвшөөрлөө. Тэгэхдээ тоглох иргэддээ маш олон янзын өндөр шалгуур тавьж байгаа. Монголд казино байгуулбал эдийн засгаа тэлэх сайн талтай. Гэхдээ гадаадын иргэн үйлчлүүлэх байдлаар шийдэх нь зөв гэж харж байгаа" гэж байжээ. 

2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан түүний хувьд 2021 оны зургаадугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

Г.Эрхэс