Он гарснаас хойш 112 га талбай шатжээ

Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлага нийт 70 удаа гарч, 112 га талбай шатсан бөгөөд өнгөрөгч 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн  гуравдугаар сарын 22-ноос эхлэн нийслэлийн ногоон бүсэд  үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн зургаан байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн дөрөв дэх жилдээ ногоон бүсийн эргүүл хяналтаар ажиллаж буй юм. Давхардсан тоогоор 365 чиглэлд 320 алба хаагч 64 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, гал түймэр гарч болзошгүй 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 410 иргэн, 62 айл өрх, 15 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.