Б.Пүрэвдорж: Яаралтай бонд гаргах хэрэгтэй

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр "Үнийн өсөлт бол Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан жагсаал боллоо. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээлд байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв. Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Яаралтай бонд гаргах хэрэгтэй. Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, монголчуудад нөлөө үзүүлээгүй.

Төв талбай дээр хүмүүс шударга ёсыг шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн боловч яаж төлүүлэх талаар яриагүй. Хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниуд хувийн компаниудтай харилцан идэж ууж байна. Тиймээс Засгийн газар төрийн өмчийн компаниудыг шахаж, зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаармаар байна" гэжээ.