Н.Алтанхуяг: Б.Баттөмөр өө, киноны дундаас ярихаар бүтэн дүр зураг нь харагдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр гишүүн Н.Алтанхуяг шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг Орхон аймаг, Эрдэнэтийн ард иргэдэд ашигтай байдлаар өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Үүнийг өнөөдөр өргөн мэдүүлнэ, хэлэлцэх асуудалд оруулъя. Дараагийн асуудалд нь Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын индрээс хүнийг гүтгэж, доромжилж байна. Ажлын хэсэг гэчихээд ажилласан ч юм байхгүй. Ажлын хэсгийн нэр барьж, УИХ-ын гишүүдэд тараасан ажлын хэсгийн дүгнэлтэд байхгүй зүйлийг сонин хэвлэлээр ийм юм явж байна гэж УИХ-ын индрээс хүмүүсийг гутаан доромжилж, гүтгэдэг чи хэн бэ. Үүнээс болоод Н.Алтанхуяг Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн ойлголтыг ард иргэдэд төрүүллээ. Зээл аваагүй. Баримттай, шударга, үнэн юм ярьж бай, Б.Баттөмөр өө. 2008 онд С.Баярын Засгийн газрын үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулъя гэдэг тогтоол гарсан. Чи хэрвээ юм ярих гэж байгаа бол 2008 оноос эхлээд, дараа нь 2010 онд “Кью эс си” компанитай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн байгуулсан тэр гэрээнээс ярих ёстой. Киноны дундаас ярихаар бүтэн дүр зураг нь харагдахгүй, гүтгэлэг болж байна" гэсэн юм.