Ж.Мөнхбат: Гишүүдийн мөнгө гэж юу байх вэ дээ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталсан юм. Мөн Улсын төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг ирэх долоо хоногт оруулж ирэх товтой. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Тухайлбал, Төрийн байгууллатын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Бүлгийн хурлаар төсвийн тодотголыг ярьсан. Олон гишүүн төсвийн тодотгол хийхийг дэмжсэн. УИХ-ын гишүүдэд тойрогтоо шийдэх асуудал байгаа. Тойргоо услах мөнгө хэмээн шүүмжлээд байдгийг буруу гэж боддог. Тойрог буюу сум, дүүрэгт хүмүүс амьдардаг. Тэнд эмнэлэг, сургууль, боловсролын орчин, соёлын төвийг бүгдийг нь сайжруулах шаардлагатай. Төсвийн тодотгол хийхийг МАН-ын бүлгээр дэмжсэн ч муу хэлэгддэг гишүүдийн тойрогтоо бүтээн байгуулалт хийх дөрвөн тэрбумыг танах байр суурийг гишүүд илэрхийлсэн. Гишүүдийн мөнгө гэж юу байх вэ дээ. Тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам тавьж байгаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэгт дээрх асуудлыг ярих байх. УИХ-аар ирэх долоо хоногт яригдана. Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийг танаад ирэх жил рүү тавьбал их хэмжээний хэмнэх боломж гарч ирнэ" гэжээ.