Д.Эрдэнэбат : Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан

АН-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөл Монгол Улсад ажилласан. Энэ үеэр АН-ын зөвлөл уулзаж, С.Зоригийн амь нас хохирсон хэрэг болон Г.Батхүү агсны хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн.

АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шударга шийдэгдээсэй гэдэг байр суурин дээр байсаар ирсэн. Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан. Энэ байдал одоо дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна.

Г.Батхүү агсны асуудал өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байна. Асуудлыг учир битүүлэг байдлаар шийдэх гэж байна. Дахин нэг нотлогдохгүй хэрэг болчих вий. Урьдчилсан байдлаар Г.Батхүү агсны зүрх нь зогсоогүй, тархины цус харвалт болоогүй нь тогтоогдсон. Тиймээс хөндлөнгийн ямар нэгэн нөлөөтэй байгаа асуудалд бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой.

Энэ хоёр хүн хоёулаа ардчиллын төлөө явсан. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтооход АН-аас өөр дуугарах газар байхгүй” гэв.