Б.Чойжилсүрэн: Увс аймгийн ДНБ 20 орчим тэрбум төгрөгөөр жил болгон нэмэгдэнэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг сайд онцолсон.

Тэрбээр, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэлээ.

Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулжээ.

Харин энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Увс нуур, Хяргас нуурын тохижилт гээд хоёр хөрөнгө оруулалтын зардлыг хасчээ. 2020 онд манай аймаг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбогдсон. Дараа нь Увс, Хяргас нуурын хөвөөнд зарим өдөрт 1500 орчим машин, 6000-7000 хүн цугладаг гэсэн судалгаа гарсан. Нуурын хөвөөнд зугаалаад буцахад бохирдол үүсдэг. Дотоодын жуулчдаас гадна гадаадын жуулчин, ялангуяа ОХУ-ын Тува улсын хүмүүс ирдэг. Увс, Хяргас нуураар жилд гаднаас 30-аад мянган хүн ирж аялдаг судалгаа бий. Энэ хоёр нуурын ойролцоо орчин үеийн, жижигхэн, 10 тэрбум орчмын хөрөнгө оруулалт хийчихвэл Увс аймгийн ДНБ 20 орчим тэрбум төгрөгөөр жил болгон нэмэгдэнэ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардлыг хассан байна. Тиймээс Төсвийн байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал гаргана. Нэмбэл хас гэдэг зарчим баримталж байгаа учраас юунаас хасах вэ гэдэг саналыг бэлтгэж байна. Сангийн яам бас судалж байгаарай” гэсэн байна.