Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улсын ерөнхий прокуророос Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ Дэд хорооны гишүүдийн нууц санал хураалтын дүнгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан байна. Дэд хороонд УИХ-д хамгийн олон сонгогдсон буюу Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Таван гишүүнтэй эл хороог Н.Энхболд гишүүн даргалдаг юм. 

Тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн дэд хорооны санал, дүгнэлтийн талаар товч мэдээлэл хүргэе. Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Ингээд дэд хороо хоёр удаа хуралдлаа. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, тайлбар авсан. Одоогоор гишүүдийн АТГ-аас нэг л удаа дуудаж мэдүүлэг авсан байна. Гишүүдийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй явж байна. Тиймээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг энэ удаад дэмжих боломжгүй гэж дэд хороо үзлээ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Дэд хорооноос санал дүгнэлтээ Хууль зүй байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна. Улмаар санал гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна" гэлээ.