Хил дээрх үнэ өссөн шалтгааныг Ш.Адьшаа нар "тайлна"

Ш.Адьшаа нарын 26 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар тус тус танилцуулсан. 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын 93 хувь, гадаад шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувь буюу 4 их наяд төгрөгийн татварыг эрдэс баялгийн салбараас төвлөрүүлжээ. Манай улс газрын хэвлийн баялагтаа тулгуурлаж ашигтай, ил тод хариуцлагатай, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий олборлох болон нэмүү өртөг шингэсэн эрдэс бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн зөв бодлого баримтлах нэн шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулгадаа дурдав.

Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа хэдий ч манай төрийн өмчит компаниудын борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин бага байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлоод төсөл санаачлагч нь уул уурхайн компаниудын нүүрсний олборлолт, экспортоос олсон ашгийг  Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ашиглах төрийн урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тус салбараас Монгол Улсын хүртэж буй орлогын урсгалыг хянах, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийн шалтгаан нөхцөлийг олж тогтоох, хянан шалгах, улмаар уг хүндрэлийг  даван туулах арга замыг тодорхойлох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг дурдав. 

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр түр хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо анхаарах, Байнгын хорооны эрхлэх асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж хийх нь зохисгүй, буруу жишиг тогтож байна гэсэн саналыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын асуултад, төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Ганболд, Т.Энхтүвшин нар хариулав. 

Төсөл санаачлагч гишүүн Г.Ганболд хариултдаа, Гашуунсухайтын  боомт дээр 20 км газарт нэг машин нүүрс тээвэрлэхэд  80 сая төгрөгт хүрснийг онцлоод эм, хил гаалийн асуудалд мөрдөн шалгах түр хороо байгуулах нь оновчтой гэж үзэж байна гэв. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын хилээр хууль бусаар алт гаргах, мэдүүлэггүйгээр нүүрс зөөхөөс эхлээд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг тулгамдсан асуудлууд их байхад УИХ Хянан шалгах түр хороо байгуулаад асуудлыг шалгаж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гашуунсухайт, Замын-Үүд дээр боомтын шинэчлэлийн ажил өрнөж буй энэ үед хил, боомтуудаар явж, ачаа тээврээ хэрхэн гаргах, боомтын барилгын ажлыг хэрхэн дуусгах талаар шалгаж үзэх нь зүйтэй гэсэн тайлбарыг хэлж байлаа. 

Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжжээ.