Төрд үүрэлсэн ЖДҮ-ийн "хулгайчид"-1

Өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нялх үрээ асрангаа брэнд бүтээсэн олон бүсгүйчүүд бий. Хийх хүнд арга олдоно гэгчээр үрсийнхээ хэрэглээг танаж эхлүүлсэн нь олон. Өөрөөсөө ч харамлан байж хадгалсан 40 мянган төгрөгөөр Нарантуулыг зорьж, нэг бүтээгдэхүүний материал авч, оёж эхлүүлсэн бодит жишээ цөөнгүй. Урд хормойгоороо хойдхоо нөхөж, олсон орлогоороо дахин бүтээгдэхүүн хийхэд зарцуулж, илүүчлэх ашиг гарвал хадгалах зарчмаар ажиллаж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөөр өнөөдөр өөрийн нэрийн брэндийг бүтээсэн нь ч байна. Өрхөөр үйлдвэрлэл эрхэлдэг нэгэн нь байрны подваль, эсвэл жижиг ам метртэй өрөө түрээслэнэ. Олон жилийн уйгагүй зүтгэлийг дагаж, өргөжин тэлдэг. Хэдийнэ хэрэглэгчтэй болж, олон тоогоор үйлдвэрлэх гэхээр санхүүгийн асуудал тулгарна. Арга зам эрэлхийлж, хүү багатай зээл хайна.
Төсөл бичиж, холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн ЖДҮ-ийн зээлд хамрагдахыг зорьдог ч барьцаа хөрөнгөгүй учраас хоосон хаалга мөргөнө. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хүйсээр ангилбал дийлэнх нь эмэгтэйчүүд буюу залуу насныхан жин дардаг. 30 гарч ид хөдөлмөрлөж яваа тэдэнд барьцаа хөрөнгө байхгүй. Хэчнээн хичээгээд хийсэн зүйлээ харуулаад авах боломжгүй. Гэтэл зорилтот бүлэгт очдоггүй, жинхэнэ эздэдээ хүрдэггүй бага хүүтэй зээлийг төрийн өндөр албан тушаалтан нэг л өдрийн дотор авчихсан түүх Монголд олон.
Хийж бүтээх олон залуусын боломжийг хулгайлсан тэд өнөөдөр ч УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч, өөрт ашигтай хууль батлуулахаар улайрч буйг харахад ой гутам. Хэдэн жил, сар хөөцөлдөөд авч чаддаггүй зээлийг УИХ-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашигладаг нь хуульд, хүний ёсонд байж боломжгүй гажуудал биш гэж үү?!.
Тэдгээрийн нэг нь залуучуудын дуу хоолой хэмээн өөрийгөө өргөмжилдөг УИХ-ын гишүүн У.Учрал. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан аавынхаа нэр дээрх "Хүннү" ХХК-д ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл гаргуулсан талаарх мэдээлэл тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Эл асуудал үүссэний дараа надад хамааралгүй гэсэн ч маргааш нь буцааж төлснөө зарлаж, төслөө зогсоосноо зарлаж явсан хүн нь Н.Учрал. Эндээс нэг логик харагдана. 950 сая төгрөг ямар хэмжээний мөнгө вэ?
40 гаруй ажилтантай арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгч олон жил хөөцөлдөөд олддоггүй мөнгө. Гэтэл нийгмийн сүлжээнд шуугиж эхлэх төдийд төсөл хөтөлбөрөө зогсоолоо хэмээн олон үйлдвэрлэгчдийг доромжлон басамжилсан Н.Учрал УИХ-ын чуулганы индрээс шударга ёсыг тунхаглах нь зүйд нийцэх үү? Дэндүү увайгүй үйлдэл. 950 саяыг хоногтоо төлж чадна, дургүй хүргэвэл төслөө зогсооч чадна хэмээж түмнийг төртэй нь дорд үзсэнд л гол учиг байна.
Хэрэвзээ эл зээлийг хөлийнхөө тавхайг эргэтэл яваад хөөцөлдөөд ч авч чадаагүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч авсан бол өнөөдөр ямар түвшинд хүрэх байсан бэ? гэх асуулт хариултгүй үлдэж байгаа юм. Ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ олон ч өрхийн орлогийн үүдийг нээх боломжийг үгүй хийсэн хулгайтай бид эвлэрсээр байха уу?. Эрх мэдлээ урвуулан ашигладаг тэднийг дахин сонгохгүй байх тэмцлийг одооноос, өнөөдрөөс эхлүүлье!!!
                                                                                                                                                             С.Ичинхорлоо