НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогчтой уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг хүлээн авч уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн Хойд, Төв Азийн бүс нутагт анх удаа зохион байгуулагдаж буй “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлэв. Олон улсын бага хурлаас бэлтгэсэн мэдээг эндээс уншина уу.   

Б.Батцэцэг сайд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх, дотоодод болон бүс нутагтаа дэлгэрүүлэн таниулах чиглэлээр Монгол Улс идэвхтэй ажиллахыг зорьж байгааг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс НҮБ-ын эрхэм зорилго, зорилтуудыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч, бүх талаар дэмжихийн зэрэгцээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн оролцоог өргөжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг мэдээлэв.

НҮБ-ын ЕНБД-ын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Монгол Улсын санаачилгаар зохион байгуулагдаж буй “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх, олон улсад дэлгэрүүлэн таниулахад чухал хувь нэмэр оруулж буйг онцлов.

Түүнчлэн НҮБ-ын энхийн ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, цэргийн алба хаагч, энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлж цаашид энхийг сахиулагчдын сургалт, бэлтгэл, чадавхыг нэмэх зэргээр бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ