Мэдээлэл судалгааны төлөөлөгчдийн багийн удирдлагаар Д.Цогтбаатарыг томилжээ

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 29-р чуулга уулзалт энэ өдрүүдэд (долоодугаар сарын 2-6-ны хооронд) ИБУИНХУ-ын Бирмингем хотноо болж байна. ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 29-р чуулганаар Торгоны замын бүлгээс Мэдээлэл судалгааны төлөөлөгчдийн баг (fact-finding mission) байгуулж, удирдлагаар нь УИХ-ын гишүүн  Д.Цогтбаатарыг томилох шийдвэр гаргасан байна.

Уг баг Европ, Азийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаанд үүсээд буй харилцаа, холбоо, тээвэр логистикийн нөхцөл байдлыг газар дээр нь мэдээлэл цуглуулан судалж, үнэлгээ, дүн шинжилгээ боловсруулах юм. Багийн бүрэлдэхүүнд ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн ерөнхийлөгч асан хоёр эрхэм зэрэг нэр хүнд, туршлага бүхий өндөр түвшний эрхмүүд орж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь ЕАБХАБ-ын Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн юм.