ЭхCурвалж #2: С.Баяр: Монгол Улс гэж нэрлэсний хариуцлагыг хүлээхэд бэлэн
Ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдааны үеэр улсын нэр томъёог цаашид хэрхэн нэрийдэх талаар хэд хэдэн сонирхолтой саналыг депутатуудын зүгээс дэвшүүлж, хэлэлцүүлж байжээ. Тэдгээрээс анхаарал татсан саналыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Нэгдүгээр тойргийн депутат С.Баярын тухайн үед илэрхийлж асан байр суурийг хүргэж байна. Хуульч, дипломатч мэргэжилтэй тэрбээр Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ОХУ-д Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай нэгэн. 2005 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2007 оноос Намын дарга, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв.
Нэгдүгээр тойргийн депапут С.Баяр /1991.11.20/: Олон хүн ярьсан. Уг нь яримгүй суучихмаар байгаа юм. Яагаад гэвэл түүх, уламжлал, өнөөгийн байдал талаас нь гол санааг гаргачихсан учраас өчүүхэн санаагаа хэлэх гээд зүтгээд байгаа юм алга. Тэр тусмаа Х.Баянмөнх аварга хэлсний дараа хэрэггүй ч юм уу гэж бодогдсон. Аваргын хэлснийг үнэхээр сэтгэл зүрхээрээ хүлээж авч байна. Гэхдээ миний хүндэтгэдэг депутат, миний урд үг хэлсэн учраас дуугүй сууж болохгүй юм. Би Монгол Улс гэдэг үгээ, нэрээ сэргээх талаас нь шинэ үндэслэл гаргаж чадахгүй нь ээ. Гагцхүү миний чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг депутат Л.Энэбишийн нэг хэлсэн зүйлд сэтгэл тийм тайван биш болчихсон юм. Тэрнийгээ товч тайлбарлая гэж бодлоо. Яах вэ, тусгаар тогтнолд заналхийлэх эсэх талаар депутатууд санаа зовж байна. Ер нь аливаа асуудлыг шийдэхдээ Монгол Улсын бүрэн эрх тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдал яах бол доо гэдэг талаас хандах нь зөв өө. Туйлын зөв. Аливаа асуудлыг тэгж үзэх ёстой. Гагцхүү нэр сольсноос тусгаар тогтнолд хэр нөлөөлөх вэ? гэдгийг бодож үзэхэд үнэхээр санаанд бууж ирэхгүй байгаа юм.
Харин ч тусгаар тогтносон улсынхаа дархан эрхийг эдэлж, тусгаар тогтнолоо дахин тунхаглаад, нэр сольсноороо түүнийгээ дахин батлаад өгөх нь зарчмын ач холбогдолтой. Түүхний айхтар нугачаатай ороо бусгаа энэ үед их юм бодогдож байгаа юм. Л.Энэбиш гуайн хэлснээр Монгол Улс гэдэг нэрээ сэргээх юм бол хөрш хоёр улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож болно гэдгийг үнэхээр яасан ч хүлээж авч чадахгүй нь ээ. Ингэж хэлсэн монгол хүний заяа нь хаях байх гэж бодож байна. Яагаад бид өөрийнхөө юмыг эргүүлж авч, эзэн болохдоо хүний хэрэгт хөндлөнгөөс оролцсон болдог бил ээ. Хүний эрхшээлд ороод айдаг, эмээдэг, өөрийнхөө юмыг алдчихсан тийм ард түмэн арай биш ээ. Тэд асуудлыг яаж ч шийдэж болно. Гэхдээ өөрийнхөө баталгаа, нотолгоог гаргах үүднээс хүнтэй харьцуулж үзэх юм бол хариуцлага муутайхан шиг үг хэлэмгүй байх юм. Энэ асуудалд үнэхээр танаас ийм үг гарна байх гэж санасангүй дээ. Бас гомдсон. Аюулгүй байдлын талаар хоёр дахь нэг зүйл байна. Монгол Улсаа "Монгол Улс" гэж нэрээ сэргээх эрх бидэнд бий. Хоёр дахь ийм санаа гарч байна. Монгол Улс гэдэг ерөнхий нэрэнд оноосон нэр өгье гэж. Энийг хүлээж авч чадахгүй ээ. Бас л хүндэтгэдэг хүн маань хэлж байх юм. Хорвоо дэлхийд Монгол Улс ганцхан бий. Эрх биш энийгээ монголчууд хүнээр хэлүүлэлтгүй мэдмээр юм даа. Харин Монгол гаралтай улс бусад оронд оршин тогтнож байгаа юм бий. Радио телевизээр битгий нэвтрүүлээрэй гэж хэлдэг энэ ёсыг дагаад би бас хэлье.
Тэр гадна, дотно байгаа улсуудыг чинь Монгол Улс гэхгүй. Албан ёсны өөрийн гэсэн нэртэй. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон гэдэг газар бий. Буриад Монгол гэдэг улс байхгүй. Одоо нэр нь тодорхой бус байгаа улсын, нэр нь тодорхой давхар бус байгаа улсын Бүгд Найрамдах Буриад Улс гэж бий. Хорвоо дэлхийд Монгол Улс ганцхан. Эцэст нь нэг зүйл хэлье. Улсын Бага Хурлаас өргөн барьж байгаа энэ төсөл учир дутагдалтай байх аа. Дотор нь янз янзын саналууд орсон байгаа. Тэр болгоныг санал нэгтэй 100 хувь батлаагүй. Санал, онол зөрсөн нь бий. Нэгэнт барьж байгаа төсөл учраас би хэлэхгүй, тухайн үед нь саналаа хэлнэ. Гэхдээ Улсын Бага Хурал бол Монгол Улсын тусгаар тогтнолоор тоглочихъё гэсэн хүмүүсийг АИХ ноднин цуглуулж хийгээгүй байх. Тэнд оччихоод Улсын Бага Хуралын гишүүд тусгаар тогтнолоороо тоглочихъя байз гээд ийм оруулж ирээгүй байх аа. Монгол Улс хэмээх бэлэг дэмбэрэлтэй нэрээ сэргээх асуудалд Улсын Бага Хурал, түүний дотор манай нам олонхийн суудал авсан. АИХ-д ч, Засгийн газарт ч, ер нь аливаа шийдвэр явж байж, МАХН-ын гишүүдийн саналаар хийгдэж байгаа шүү.
Гэтэл энэ лавлагаанд өөрийнхөө Бүлэг, Бага Хурал дээр ажиллаагүй ажлаа энд далд сэм явуулж байгаад нь үнэхээр сэтгэл эмзэглэж, гомдож байлаа. Энийг одоо эс өгүүлээд Монгол Улсаа "Монгол Улс" гээд нэрлэчихвэл хариуцлага хүлээх тухай ярьж байна. Тэр түүхэн хариуцлагыг би хувьдаа хүлээхэд бэлэн байгаа юм. Манай тойрогт уулзсан улсууд янз янзын саналтай байна. Монгол Улс гэе, БНМАУ гэе, БН Монгол гэе гээд цаашаа Их Монгол гэе зэрэг хувилбар хэлж байгаа. Би Монгол Улс гэдэг дээр саналаа өгнө. Ингэж саналаа өгсний хариуцлагыг хувьдаа хүлээж чадна. Бусад депутатууд маань ч гэсэн төлөөлж байгаа тойргууд чинь янз янзын санал гарсан байх. Ямар саналаа өгөхийг эрхэм депутатууд өөрийнхөө ухаан бодлоороо шийднэ биз ээ" гэж байжээ.
Г.Эрхэс