ЭхСурвалж #4: М.Энхсайхан ингэж сануулж байжээ

Ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдааны үеэр улсын нэр томъёог цаашид хэрхэн нэрийдэх болон засаглалын тогтолцоогоо сонгох талаар хэд хэдэн сонирхолтой саналыг депутатуудын зүгээс дэвшүүлж, хэлэлцүүлж байжээ. Тэдгээрээс анхаарал татсан саналыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы байр суурийг хүргэж байна. 

Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй тэрбээр Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан туршлагатай. 1996 оны сонгуульд "Ардчилсан холбоо" эвсэл ялалт байгуулж, Засгийн эрхэнд гарахад анхны Ардчиллын Ерөнхий сайд болж, эдийн засгийн томоохон реформыг эхлүүлсэн гавьяатай нэгэн.

2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд АН-маас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдож байв.


45 дугаар тойргийн депутат М.Энхсайхан: Үндсэн хуулийн асуудал ярьж байхад нэг том асуудлыг орхигдуулж байх шиг санагдлаа. Монгол Улс өмнө талдаа нэг том Хятад гүрэнтэй. Умард талдаа нэг Зөвлөлт гүрэн байна. Зөвлөлт одоо байхгүй. Их Орос байгаа. Энэ хоёрыг байнга анхааралдаа авч асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй гэдгийг хэлмээр байна. Үндсэн хуульд хамгийн болгоомжтой хандах асуудал нь тусгаар тогтнол. Өнөөдрийг хүртэл явж ирсэн тусгаар тогтнол энэ хоёр гүрнээс маш их. Энэ хоёр гүрний харьцаанд маш их юм явж байсан шүү гэдгийг анхааралдаа авахгүй бол болохгүй ээ. Үндсэн хуульд оруулах гэж байгаа төрийн тогтолцоо ч тэр, энэ бүх элдвийн шийдвэрлэх асуудлууд, энэ хоёрын нөлөөнд автах уу, автахгүй юу гэдэгт анхаарахгүй бол болохгүй. Засаглалын асуудал ярьж байна. Энэ дотор Умард болон Өмнөд талын нөлөөлөлд автах асуудал нь арай илүү байх болов уу. Парламентын засаглалд энэ хоёр нөлөөнд автах явдал арай бага байх болов уу гэсэн бодолтой байгаа юм. 

Сая асуудлуудыг ярьж байхад жишээлбэл Цагаачлалын хуулийг хэрэггүй гэж улсууд олон ярих юм. Асуудлыг сайн ойлгож чадаагүйгээс яригдаж байгаа болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр бид Зөвлөлт орон ямар хүнд байдалд байгааг мэдэж байна. Дотроо иргэний дайн болох төлөвтэй ийм байдал ажиглагдаж байна. Улаан, цагаанаараа хөөцөлдөөд 21 он шиг ороод ирвэл бид яах вэ? Ямар хуулиар зохицуулах вэ, өнөөдөр Тувагаас, Буриадаас юу ч болж мэднэ. Хүн ороод ирэхэд үүнийг ямар хуулиар зохицуулах вэ? Энэ хууль бол гаднаас хүн урих гээд байгаа асуудал биш. Гадагш нь хүн явуулах гээд байгаа асуудал биш. Цагаачлал гэдэг ойлголт бол гаднын орж ирсэн хүнд өгөх статус. Энэ асуудлыг юугаар зохицуулах вэ? гэдэг асуудлыг тавимаар байгаа юм.

Өөр нэг асуудал бол хэн нэгэн улс, аль нэгэн одоо дэлхийн хэмжээнд ярих яривал, жишээ нь Зөвлөлтийн хэмжээнд олон улс бий болох үзэгдэл яригдаж, задрал явагдаж байна. Энэ дотроос хэн нэг нь өөрийгөө Монгол Улс гээд зарлавал яах вэ? Монгол Улс, БНМАУ гэдэг ойлголт хэн нь хэнийгээ багтаадаг вэ? гэдэг тухай яригдана. Энэ талаасаа хандсан ч болох болов уу? Газрын асуудалд, гаднынханд түрээслэхгүй гээд ярих юм. Би хэний төлөө ярьж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Элчин сайдын яамдаа нээхдээ газар худалдаж авдаг. Яагаад гадаадын Элчин сайдын яамдууд манайд нээгдэхдээ газраа зүгээр авдаг юм бэ? Жишээ нь, Японд олон тн нүүрс гаргая гэж бодъё. Тэр нүүрсийг чинь нэг хөлөг онгоцны хэвлийг ерөөсөө дүүргэж чадахгүй. Нэг удаагийн вагон явуулаад, дүүрэн состав вагон явуулаад. Тэрийг чинь дүүргэж өгөх тийм юмыг хүний нутагт газар түрээслэх шаардлага гарна. Гэтэл яагаад хүний нутагт газар түрээслэхэд бидний эрх ашиг далайд гарах гарцтай болох асуудал хэрэгтэй байна. Яагаад өөрсдийнхөө газрыг түрээслэхгүй гэж хэлчихээд хүний газрыг түрээслэнэ гэж хэлж явах вэ? Газрыг Монголын иргэдэд өмчлүүлэх асуудалд яг зүйл анги дээр нь тулахаар өшөө тодорхой ярилцаж болох болов уу гэж бодоод зүгээр үүнийг яримгүй байна. Ерөнхий шүүмжлэл явж байгаа учраас депутатуудад хандаж хэлэх юу байна вэ? гэхээр Үндсэн хуулийн асуудалд урд талд ямар юм байна, хойд талд ямар байна. Гадаад хүчин зүйлд олон удаа автаж байсан гэдгээ байнга бодох хэрэгтэй.

Бидний дотор хардлага, сэрдлэгийн уур амьсгал хэнд үйлчлэх вэ гэдгээ бодмоор байна. Ийм уур амьсгал, ийм байдалд монголчууд явж байгаад урагшаа, эсвэл хойшоо холбирч унадаг л байсан. Үндсэн хуулийг шийдвэрлэхэд ямар ч нам элдвийн асуудалд автахын хэрэг байхгүй. Өөрсдийн толгойгоороо сайн бодож, үндэсний эрх ашгийг дээр нь таньж байгаад асуудалд хандая" хэмээн Ардын Их Хурлын депутатуудад сануулж байжээ.

Г.Эрхэс