Хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлэв

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 17,194 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 2589 бүртгэгдэж, 65 нэгжээр буурсан. Хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгдээгүй. 3100 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6  дахин өссөн үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногт ахуйн хүрээний дуудлага олон ирсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эргүүл, хяналт 24 цагаар үүрэг гүйцэтгэж, зөрчлийг газар дээр нь таслан зогсооход анхаарч ажиллалаа. Гэмт хэргийн 2500 дуудлага, мэдээлэл ирснээс 1046 нь гэмт хэргийн шинжтэй гэж бүртгэгдэж, шалгагдсан. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 23.1 хувиар буурсан  үзүүлэлт. Арванхоёрдугаар сарын 31-нд талбай дээр болсон Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээнд нийт 250 алба хаагч онцгой, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажилласан. Ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Бага насны хоёр хүүхэд төөрснийг шуурхай ажиллан, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн” гэв. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байгааг онцоллоо.