Х.Нямбаатар: Aшиг сонирхлыг зөрчлүүд ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй.

Тухайлбал, тус хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг тусгажээ.

Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаас тусгажээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮС, Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайтай холбоотой ашиг сонирхлыг зөрчлүүд ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг хуулиар шинэчлэн тогтооё, үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг тусгаж өгөх агуулгаар хуулийн төслийг боловсруулсан.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тодорхойллоо.

Эдгээр хүний гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хориглоно. Бусад шатны Засаг дарга нар, хууль хяналтынхан ажил мэргэжлийн ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулах боломжтой гэж үзсэн" гэлээ.