Д.Амарбаясгалан: Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр Хүүхдийн мөнгийг олгоно

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулж эхэлсэн. Үүсээд буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийж, холбогдох тайлбарыг өгсөн юм. Энэ үеэр "Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.  Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна" гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Мөн энэ асуудлаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байхаар болсныг дуулгасан юм.

Энэ дагуу холбогдох мэдээллийг сайд Д.Амарбаясгалан өглөө. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохоос илүүтэй хуульд өөрчлөлт оруулж шийдэгдсэн байдаг. 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан. Хүүхдийн мөнгийг 17 жилийн турш олгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохгүйгээр орхиж байгаагүй. Тиймээс 91 хувийг хамруулсан, хүүхэд бүр мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр олгоно гэдгийг ойлгох хэрэгтэй" гэдгийг хэллээ.

Мөн албан ёсны бүртгэлд хамрагдсан 1.039.000 хүүхдээс Өрхийн мэдээллийн санд баталгаажсан 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан дансанд нь оруулахаар төлөвлөжээ. Энэ нь нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувь нь юм.