Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо. Тэрбээр, технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд уг платформын хэрэглээг түгээж, ач холбогдлыг таниулах нь чухал бөгөөд цахим хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэдгийг тодотгов. Уулзалтын үеэр багш, оюутнуудын зүгээс D-Parliament аппликейшнээр дамжуулан боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгасан гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ багш бэлтгэх тогтолцооны зарим зохицуулалтын тухайд санал, сэтгэгдлээ хэлж байлаа. Түүнчлэн оюутнуудын төлөөлөл хөдөө, орон нутгийн иргэдэд цахим системийн хэрэглээг хүртээмжтэй байдлаар таниулж, хялбар шийдлээр оролцоог нь нэмэгдүүлэх талаар хөндөж байв.

Одоогийн байдлаар D-Parliament аппликейшнд нийт 281 хуулийн төсөл байршсан бөгөөд дэлхийн 35 орноос хандалт хийж, саналаа илэрхийлжээ. Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, Улсын Их Хурлын даргад сонирхсон асуултуудаа тавьсан юм. Цаашид цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм.