Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны анхны тайланг өргөн барилаа

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны буюу анхны тайланг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр өргөн барилаа.

  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны тайланг:
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хууль эрх зүйн орчны шинэтгэл
  • Эрүү шүүлт тулгах,  хууль бусаар баривчлах,  ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдийн эрх зүйн зохицуулалтын онцлог, статистикт хийсэн дүн шинжилгээ
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт, шинжилгээ
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажил зэрэг таван бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн томилогдсон, түүнд дэмжлэг үзүүлэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийг 2022 оны наймдугаар сарын 4-ний өдөр байгуулагдсанаас хойших үйл ажиллагааг тайланд тусгасан байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.4-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж хуульчилсан.