Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло айлчилна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.