Хуурамч баримт, бичиг таних тоног төхөөрөмж гардууллаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бээжин дэх Элчин сайдын яамнаас хуурамч баримт бичиг таних, шалгах тоног, төхөөрөмжүүдийг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг, Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Энэ үеэр  Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг эдгээр тоног төхөөрөмжүүд Монгол Улсад хууль бус, хуурамч баримт бичигтэй гадаадын иргэн нэвтрэхэд таньж шалган, зөрчлийг арилгахад та бүхний ажилд дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа дурдлаа. 

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны 90 орчим хувь нь цахимжсан. Өдөрт дунджаар 1000 гаруй хүнд цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчилж буй хэдий ч хуурамч баримт бичиг үйлдэх эрсдэлийг тооцож, шалгах, нягтлах шаардлагатай байдаг. Та бүхний хандивлаж байгаа тоног төхөөрөмжүүд бидний үйл ажиллагаанд маш том тус болж байна. Мөн Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оны “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Европын холбооны улсууд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Цаашид Монгол Улсад оршин сууж буй Герман улсын иргэд тоо нэмэгдэж, үйл ажиллагаа явуулах байгууллагууд улам өргөжихийг хүсэж байна.” гэв.

Мөн уулзалт, арга хэмжээний үеэр ижил чиг үүргийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургах, давтан мэргэшүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар талууд санал нэгдлээ.

Түүнчлэн Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын мэргэжилтэн  Рейнер Кроп, Арон Бродер нар “Баримт бичгийн хуурмаглал” сэдвийн хүрээнд баримт бичгийн нууцлал, шенгений орны зорчих нөхцөл, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, тоног төхөөрөмж ашиглах, хуурамч баримт бичгийг илрүүлэх арга туршлагаасаа нийт албан хаагчдад хуваалцав.