Д.Тогтохсүрэн: Гадаадад байгаа иргэд зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчдэд санал өгнө

Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2023.06.20)  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа.  Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн  Н.Энхболд нарын 4 гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг нэгтгэн, Ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгтгэсэн төслийг эцэслэн баталсныг дурдаад нэмэлт өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв.

2023 оны 05 дугаар сарын 31-нд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсан. Энэ өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо холимог байхаар хуульд тусгагдсан. Энэ өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгоно. Улсын Их Хурлын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна гэж заасан талаар ярив. 

Түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэх зэргээр хуульд заасан онцлох зохицуулалтуудын талаар тайлбарлалаа. Ингэхдээ гадаад улсад байгаа иргэдээс санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчид буюу улстөрийн намуудын нэр дэвшилтээр санал авна. Тойрогт нэр дэвшигчдэд гадаадад байгаа иргэд санал өгөх боломж байхгүй хэмээн тодотголоо. Харин сонгуулийн дүнг гаргахдаа тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зэрэг шаардлагуудын тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэлдээ дурдлаа.