Монгол Улсыг 75 Өргөмжит консул төлөөлдөг

Гадаад Харилцааны Яамнаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалтыг зохион байгууллаа.

Өргөмжит консулууд зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудал хэлэлцдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн уулзалт  “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд болов. 

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна.

Тухайлбал

  • Европ, Ойрх дорнод, Африкт-38,
  • Ази, Номхон далайн орнуудад-27,
  • Америк тивд-10 өргөмжит консул тус бүр ажиллаж байгаа юм.

Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Тус уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Гэвч коронавируст цар тахлын улмаас завсарлаад байв.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, холбоо харилцааны яам болон Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Улмаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өөрийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Өргөмжит консулуудын сонирхсон асуултад хариуллаа. 

Энэ удаагийн Өргөмжит консулын 10 дугаар уулзалтад гадаадын 33 оронд томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцлоо.