С.Ганбямба: Хилийн заставын алба хаагчдын гэр бүлийн хүмүүст хуулийн үйлчлэл хамаарахгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, батлан хамгаалах салбарын мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир нар дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн цэрэг татлагын үеэр бус, алба хаах хугацаанд тогтмол хийх, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад онцгой анхаарах талаар санал хэлжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Бейсен, хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог талаар дурдан, үүнийг яам хариуцан шийдвэрлэж болох эсэх, мөн тэднийг аймаг, сумын төвд ажиллуулах талаар Засаг дарга нартай гэрээ байгуулах ажиллах боломжтой эсэх талаар асуулт асуув. Түүний асуултад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хариулахдаа, оны эхэнд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг, үүний хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийн хүмүүс Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох хуульд тусгаж, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх боломжтой гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариулт дууссан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.