Хууль зөрчсөн ББСБ-д шаардлага хүргүүлжээ

Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2021 онд баталсан.

Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах түүнийг ашиглахтай холбоотой харилцаанд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах болон ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх, чиг үүргийг Комиссын нэг гишүүн тусгайлан хариуцан ажилладаг.  

Энэ хүрээнд Комисст Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс шинээр байгуулж, хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хуульд заасан холбогдох арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комисст иргэнээс “....... ББСБ компаниас зээл авч, хугацаандаа төлж чадалгүй хугацаа хоцроож байгаа. Хугацаа хоцроосон нь миний буруу боловч ................ дугаараас удаа дараа залгаж, “Ажлын газрьн удирдлагуудтай чинь уулзаж чиний тухай хэлнэ” гэх зэргээр мессеж бичиж, зүй бусаар харьцаж, миний хувийн мэдээллийг анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор ашиглаж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, хариуцлага тооцож өгнө үү” гэх гомдлыг гаргасан.

Иргэнээс ирүүлсэн дээрх гомдлын мөрөөр 2023 оны 10 дугаар caрын 30-ны өдөр “.............. ББСБ” ХХК-тай холбогдож, гомдол гаргагчийн зээлийн менежерээс тайлбар авахад зээлдэгч нь 2023 оны 07 сарын 10-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн. Нийт 4 удаа холбогдсон боловч тохирсон хугацаандаа төлөлт хийдэггүй. Зээлдэгчид гэр болон ажлын хаягаар мэдэгдэх хуудас хүргэж өгөх талаар удаа дараа сануулсан. Хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах журамд “Эргэн төлөлт товлосон хугацааг гурваас дээш удаа зөрчсөн харилцагчийн гэрийн хаяг болон ажлын байранд очиж уулзан хүсэлт бичүүлж авах, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээг авна” гэж заасан. Энэ дагуу ажил үүргээ гүйцэтгэж, зээлдэгчийн ажлын байранд очиж зээлдэгчийн хувийн мэдээллийг бусад ажилчдад задруулаагүйгээр зөвхөн өөртэй нь уулзах хүсэлтэй байгаагаа хамгаалалтын ажилтанд нь хэлсэн. Гэвч зээлдэгчийг “Ээлжийн амралттай байгаа” гэсэн тул биечлэн уулзаж чадаагүй, тухайн үед өөрийнх нь гар утас холбогдохгүй байсан” гэх тайлбар өгсөн юм.

Түүнчлэн Комисст цугларсан баримт, мэдээллээр гомдол гаргагч нь тус ББСБ-тай.............. дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлөлт хийх хугацааг хэтрүүлсэн байна. Мөн гомдолд дурдсан “Ажлын газрын удирдлагуудтай чинь уулзаж, чиний тухай хэлнэ” гэх зэргээр цахим шуудан бичсэн нь баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод хүний халдашгүй чөлөөтэй байх, захидал харилцааны нууц, хүний нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрхийг баталгаажуулсан байдаг.

Комиссоос иргэнээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах нь хуульд нийцэх боловч уг арга хэмжээг хууль, гэрээнд заасан арга хэрэгслээр аваагүй, хүний хувийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөс гадуур, хүнийг дарамтлах, сүрдүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, Комиссын гишүүний шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “.................. ББСБ” ХХК-ийн удирдлагад хүргүүлсэн юм.

Тэгвэл дээрх компаниас Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн ажилтанд уг хуулийг чанд мөрдөх албан сануулга өгч, нийт ажилчдад зөрчил гаргахгүй байх чиглэл өгсөн, зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ компнианийн дотоод журмыг үйл ажиллагаанд чанд мөрдөн ажиллаж байгаа талаар болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хуваар гарган ажиллаж байгаа талаарх тайлан мэдээллээ ХЭҮК-т ирүүллээ.