Тэр баарнаас явсан ч, баар түүнээс явахгүй

Намтар түүхээс нь харвал тэрбээр 2008 оноос улс төрд хөл тавьж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Үүнээс өмнөх үе нь тэр чигтээ хувийн хэвшил тэр дундаа “Сансрын баар”-ны эзэн гэдгээрээ танигдсан нэгэн байв. Байв ч гэж одоо ч энэхүү тодотгол эцгийнх нь нэртэй дүйх хэмжээнд түүнийг дагадаг л юм. Арга ч үгүй биз. Улс төрд хөл тавихдаа ч, тавьсныхаа дараа ч “Батхаан” зочид буудал, “Батхаан центр” гэсэн баар, караокетэй тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаж ирсэн нь үүний баталгаа.

Угаас түүнийг 2008 оноос дүүрэг, нийслэл, УИХ-д сонгож ирсэн Баянзүрхийнхэн “Баарны эзэн” Бат-Амгалан гэдгээр нь эчнээ танина. Одоо ч ярьдаг, зарим нь шүүмжилдэг. Оргүй ч шүүмжлэл биш. Яг үнэндээ Э.Бат-Амгалан баарнаас явсан ч, баар түүнээс яваагүй гэсэн үг. Ямар сайндаа л баар, караокетэй нэгэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон даруйдаа “ногоон гэрэл”-ээр Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга болж олны хардлагыг төрүүлж байх вэ дээ. Хамгийн хачирхалтай нь, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч болж “томорсон” тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалыг хэсэг хугацаанд хашсан ч энэ талаар намтартаа огт дурддаггүй нь жигтэй бас тохуутай. 

Эсрэгээрээ ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн даргаар 2015-2020 оныг хүртэл ажилласан гэх “туршлага” нь Улсын Их Хурлын албан ёсны https://www.parliament.mn/cv/81/ сайтад дурайж байна. Өөрийнх нь өгсөн намтрыг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд тэнд байршуулна уу гэхээс өөрсдөө нэмэлт засвар оруулах замаар хасалт хийхгүй нь мэдээж. Тэгэх эрх нь ч байхгүй. Эрх биш Монгол Улсын хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэгнийх нь бодлого, шийдвэрийг зангидаж явсан эрхэм тэрхүү он жилээсээ ичдэггүй л юм бол бусдаас нуух шаардлага үгүй. Хэзээ, хэрхэн тамга атгаж, ямар шийдвэр гаргаж байсныг нь Э.Бат-Амгалан намтраасаа “баллуурдаж” болох ч Баянзүрх дүүргийн захын иргэнээс асуухад л өнгөтөөр яриад өгөх нь тодорхой.

Гэхдээ Э.Бат-Амгалан гишүүний паян үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд халамцуу оролцож, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг ална хэмээн заналхийлсэн нь гэрэл зургийн сүүдэрт баримт болон үлдсэн. Эцэст нь тэрбээр “Би архи уудаггүй, найтааж байгаа зургийг сошиалд тавьсан байна лээ” хэмээн хээв нэг тайлбар хийгээд сууж байлаа. Намтраа хүртэл худал зохиож бичдэг хүнээс энэ зэргийн үйлдэл гарах нь зүй.

Ийнхүү төрсөн нэр, авсан хочоос бусад үг, үйлдэл бүр нь будлиантай, худал хуурмагаар дүүрэн явж ирсэн түүний хувьд өдгөө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албыг давхар хашиж байна. Гэвч энэ бүхэн нь түүнд хангалтгүй санагдсан бололтой, нийслэлийн МАН-ын хороог гартаа авч улмаар нийслэлийн Засаг дарга болохоор улайрч, улангасч эхэлсэн нь энэ өдрүүдэд эрчимжиж эхэллээ. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь нийслэлийн хамгийн том дүүргийн нэг Баянзүрхийн намын хорооны дарга төдийгүй нэгэн цагт Засаг даргаар нь ажиллаж байхдаа иргэдийнхээ эрх ашгийг бус өөрийнхөө өмч хөрөнгийг зузаатгаж ирсэн сайд Э.Бат-Амгалан үнэхээр Улаанбаатар хэмээх их айлыг удирдаж, залуурдах хэмжээний ёс зүй, потенциалтай хүн мөн үү?!

Үндсэндээ “Батхаан” зочид буудал, “Батхаан центр” гэсэн обьектоос өөр өмч хөрөнгөгүй явсан түүнийг Баянзүрхэд мөрөө үлдээж эхэснээс хойш ямар замаар, яаж хөлжсөн талаарх хэвлэлийн хуудаснаа нэг биш удаа гарсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Ганцхан жишээ дурдахад түүний хувь эзэмшдэг гэх “Опту” ХХК нь Улаанхуарангийн эцэст “Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж, үргэлжлүүлэн, 2022 оноос замын чанх урд талбайд найман блок, 23 давхар, нийт 966 айлын “Кайду сити” хотхоныг барьж байгаа тухай мэдээлэл бий. Авлигатай тэмцэх газарт тайлагнадаг хөрөнгө орлогын мэдүүлэгт нь ч “Опту” ХХК-иас хувь эзэмшдэг тухайгаа сайд Э.Бат-Амгалан дурдсан байна билээ.

Үүнээс гадна төрсөн дүү Э.Батбаяр нь 2022 онд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх овоолгыг түшиглэн жилдээ 300 тэрбумын орлоготой катодын зэсний үйлдвэртэй болсон нь гэрэл цохисноор хууль хяналтын байгууллагын хараанд өртсөн. Эндээс ганцхан зүйлийг харж бас ойлгож болно. Юу гэхээр нийслэлийн нэг дүүрэгт “эзэн” сууж, эрх мэдлээ тогтоох хугацаандаа худалдааны төв, орон сууцны хороолол босгоод зогсохгүй УИХ-ын гишүүний хувиар дүүгийнхээ компанийг “Эрдэнэт” үйлдвэрт “шахсан” Э.Бат-Амгалан нийслэлийг удирдвал юу болох вэ? Хатуухан хэлэхэд Улаанбаатар хот бүхэлдээ цагаан захтнуудын хундага тулгангаа эрх ашгаа наймаалцах гэж ордог баар, караоке л болж хувирна. Тэр хэрээр газрын наймаа эргэн цэцэглэж, зөвшөөрөлгүй барилга, орон сууцны хороолол хотоор битүү чигжинэ. Иргэдийн эрх ашиг хумигдахын хэрээр Э.Бат-Амгалангийн эд хөрөнгө улам арвижина. Яг л тэр баарнаас явсан ч, баар түүнээс явахгүй гэдэг шиг. Юу үнэн энэ л үнэн!

С.Сүлд