С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Алт олборлохыг завдсан хятадуудыг шалгаж эхэллээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хятад иргэд хууль бусаар алт олборлож байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран долдугаар сарын 29-нд газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэнд бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан юм. Мөн БНХАУ-ын найман иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэгэн бичиг баримтгүй ажиллаж байжээ.
Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харьяатын газраас шалгаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.