Ж.Алтантуул:Ханиадтай нэг хүүхэд тухайн анги, цэцэрлэгт байснаар бусдадаа тараадаг

Дархлаажуулалтын аяныг дүүргийн эмнэлгүүд хэрхэн зохион байгуулж байгаа талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч Ж.АЛТАНТУУЛТАЙ ярилцлаа.

-Танай дүүргийн хэмжээнд томуугийн өвчлөл ямар түвшинд байна. Дэгдэлт нэмэгдсэн үед яаралтай авах арга хэмжээ буюу бэлтгэл ажлаа хэрхэн базааж байна вэ?

-Манай дүүрэг албан ёсны тоогоор 158 мянга гаруй, түр болон харьяаллын бус оршин суугчтайгаа нийлээд 170 орчим мянган хүн амтай. Сүүлийн хоёр жилд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх боллоо. Энэ үед дүүрэг болон өрхийн эмнэлгүүд бэлэн байдлын төлөвлөгөө гарган ажилладаг. Амбулаторийн үзлэгийн таваас дээш хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл уртасгасан цагаар ажилладаг. Хүлээн авах болон хүүхдийн эмчийн тоог нэмдэг. Одоогоор Томуугийн тандалт судалгааны үндэсний төвөөс амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 4.3 хувьтай байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад томуугийн дэгдэлт гараагүй гэж болно. Хэрэв энэ хувь 15-д хүрвэл улсын хэмжээнд гамшгийн байдал зарлаж, хөл хорио тогтоож, бусад байгууллагыг татан оролцуулж, ор дэлгэх ажлыг зохион байгуулдаг. Дүүргийн тухайд хоёр гаруй хувьтай байна. Гэхдээ дэгдэлт гайгүй гээд орхиж болохгүй. Эрсдэлийг тооцож, зайлшгүй нөөц төлөвлөгөө гаргах ёстой. Жишээлбэл, хэрэв томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, асуудал хүндэрвэл XVIII цэцэрлэг, “Бишрэлт” зочид буудлыг хааж, эмнэлгийн ор дэлгэх ажлыг зохион байгуулахаар тооцож, төлөвлөсөн.

-Ямар хүмүүс томуу, томуу төст өвчнөөр өвчилж байна вэ? 

-Дархлааны систем нь бүрэн тогтоогүй бага болон өндөр настай хүмүүс тусч байна. Тиймээс энэ насныхан болон нийт хүн амыг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хдмгийн зөв арга бол вакцинд хамруулах явдал юм. Иймд манай улс дархлаажуулалтын арав хоногийг жилд хоёр удаа буюу тав, аравдугаар сард зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн вакциныг хийж эхлээд байна. Эхний ээлжид зорилтод бүлэг буюу улсын бүх цэцэрлэгийн хүүхэд, голомтод ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилтан, жирэмсэн болон 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулна.

-Вакциныг хэзээ хийх ёстой вэ гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаад байгаа. Дархлаажуулалтын арав хоногийн хугацаанд дүүргийн хэмжээний бүх цэцэрлэгийн хүүхдийг вакцинд хамруулж дуусгах уу?

-Манай дүүрэг энэ сарын 8-нд  дархлаажуулалтаа эхлүүлсэн. Олон хүүхэдтэй цэцэрлэгт 2-3 хоног ажиллах шаардлагатай болдог. Зөвхөн вакциннатор ороод л хийчихгүй. Цэцэрлэгийн болон тухайн хэсгийг хариуцсан өрхийн хүүхдийн эмч, багш, эцэг, эхийн төлөөлөл хамт байж байдаг. Хүүхдийн эмч хүүхэд бүрийг үзэж, вакцин хийлгэх боломжтой үгүйг шийдсэний дараа хийдэг.

-Танай эрүүл мэндийн төвд хэчнээн хүн тун вакцин ногдсон бэ. Эдгээр бүлэгт багтаж буй бүх хүнд хангалттай хүрэлцэх үү?

-Суурь тоонд үндэслэж бүх аймаг, сум, дүүргийн эмнэлэгт хуваарилсан. Манай төвд 9400 хүн тун вакцин ирээд байна.

-Хүүхдээ вакцинд хамруулахыг эцэг эхчүүд хэр зэрэг хүлээн зөвшөөрч байна вэ?

-Вакцин хийхдээ заавал эцэг эхээс зөвшөөрөл авах ёстой. Тухайн нэг цэцэрлэгээс тандалт судалгааны хуудас авахад 20 орчим хувь нь татгалзсан байна. Үүнээс үзэхэд хуваарилсан хүн тун вакцин үлдэхээр байгаа. Үүнийг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хийх үү эсвэл сайн дурын дархлаажуулалт руу шилжүүлэх үү гэдгийг холбогдох байгууллагуур шийдэж тодорхой болгох байх.

-Эцэг эхчүүд ямар шалтгаанаар хүүхдэдээ вакцин хийлгэхээс татгалзаж байна вэ?

-Эцэг, эхчүүдийн өөрсдийнхөө үзэл бодлоор шийддэг. Зарим нь вакцины ач тус, давуу талыг ойлгодоггүй. Нэг хэсэг нь хүүхдээ өвтгөж уйлуулахгүй гэсэн үзэл бодолтой байдаг юм билээ.

-Вакцин хийлгэсэн, хийлгээгүй хүүхдүүдийн өвчлөлийн байдал ялгаатай байна уу? 

-Мэдээж ялгаатай. Өнгөрсөн жилүүдийн өвчний дэгдэлтийн байдлыг харахад бага насны хүүхдүүд өвлийн улиралд хатгалгаа болон амьсгалын замын дутагдалд орсон шинж тэмдэгтэйгээр 3-6 удаа эмнэлэгт хэвтдэг. Эдгээр хүүхдийн олонх нь вакцин хийлгээгүй байсан.

-Зарим эцэг эх “Вакцин хийлгэсэн ч гэсэн ханиад томуу тусдаг л юм билээ. Чанарын ялгаа байна уу даа” гэсэн бодолтой явдаг юм билээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улсын хэмжээнд гарч буй нийт өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын эрхтэн системийн халдвар бичигддэг. Үүгээр бүх төрлийн хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч дээр дурдсан зорилтот бүлгийнхэн тусах магадлал өндөртэй байдаг. Томуу, томуу төст өвчний вирус маш олон төрөл байдаг. Үүнээс зөвхөн нэг хүрээний вирусээс гаргаж авсан вакциныг хийдэг. Ингэснээр тухайн вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэхгүй гэсэн үг. Вакцин хийлгэчихээр л ханиад томуу огт тусахгүй гэж ойлгож болохгүй.

-Эцэг эхчүүд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ ойлгодог ч яг яаж, хэрхэн гэдгээ мэддэггүй тал бас бий. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ямар ч насны хүүхэд, хүн амьсгалын замын халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд нэн түрүүнд заавал тусгаарлах ёстой. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтандаа чөлөө өгөх, хүүхдийг сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин яагаад дэгддэг вэ гэвэл ханиадтай нэг хүүхэд тухайн анги, цэцэрлэгт байснаар бусдадаа тараадаг. Мөн хувь хүний ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал маш чухал. Түүнчлэн анги танхим, ажлын өрөөндөө заавал агаар оруулах ёстой. Ингэхдээ хаалга, цонх хоёрыг зэрэг онгойлгож байж агаарын сэлгээ хийх хэрэгтэй. Үүнээс гадна илчлэг ихтэй, шөлтэй хоол идэж, судасны хана бэхжүүлж, дархлаа дэмжих төрлийн шингэн зүйл сайн уух нь зүйтэй. Насанд хүрэгчдийн хувьд дархлааны систем нь тогтворжсон байдгаас вирус тээгч болдог. Түүнийгээ хүүхдэдээ халдаах эрсдэлтэй тул томчууд өөрсдөө хувийн ариун цэвэр, эрүүл ахуйдаа сайтар анхаарах хэрэгтэй.

-Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй болон хувийн цэцэрлэгт явж буй хүүхдүүд яах вэ? 

-ХӨСҮТ-д хандаж сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа.