Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, энэ сарын 09-ний өдрийн 16.30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын II багийн нутаг “Оросын булаг” гэх газар асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас барсан байна.

Мөн өнөөдөр Улаанбаатар хотод цас орж, Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн авто тээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.