Г.Наранчулуун: Дорноговь аймаг улсын нөөцөөс өвс, тэжээл авах хүсэлт ирүүлсэн

Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид хорогдол багатай даван туулахын тулд салбарын яам, аймаг, сумын зүгээс авч буй арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа.


-Орон нутагт өвөлжилт ямар байна вэ. Зудтай аймаг, сум бий юү?

-Одоогоор зудтай аймаг, сум байхгүй. Гэхдээ цас ихтэй аймаг, сум бий. Тухайлбал, Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн хойд хэсгийн нутаг дэвсгэр 1-31 см зузаан цастай байна.  Эдгээрээс баруун аймгуудын хувьд Завхан, Увсын 17 сумын цас хамгийн зузаан буюу 13-31 см байгаа. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс 31, Тосонцэнгэл 28, Их-Уул, Увсын Малчин хоёр 27 см зузаан цастай гэсэн мэдээллийг бидэнд ирүүлээд байна.

-Цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй нийт хэдэн аймаг, сум байна вэ?

-Энэ сарын  2-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас харвал, нийт нутгийн 50 гаруй хувь их,  20 гаруй хувь дунд зэрэг эрсдэлтэй байна. Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн зарим нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Цаашид эдгээр аймагт хаваржилт ч хүдрэх магадлалтай. Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч харын зуд болох төлөвтэй байна.

-Цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй, эрсдэлтэй байгаа эдгээр аймаг, сумын удирдлагууд болон малчид шаардлагатай өвс, тэжээлээ хангалттай бэлтгэж чадсан уу?

-Шаардлагатай өвс, тэжээлийг хангалттай буюу 91.2 хувь бэлтгэсэн. Тодруулбал, малчид нэг сая 236 мянган тонн өвс, арван мянган тонн сүрэл, 124.1 мянган тонн ногоон тэжээл, 65 мянган тонн гар тэжээл, 105.8 мянган тонн давс, хужир бэлтгэж нөөцөлсөн. Үүнийг өмнөх оны дүнтэй харьцуулахад тэжээлийн нэгжид шилжүүлснээр 28 мянган тонн буюу 3.4 хувиар их. Аймгуудаас Булган, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгийнхэн бэлтгэвэл зохих өвсийг 4-10 хувиар илүү бэлтгэсэн. Харин аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд 23.4 мянган тонн өвс, 6.6 мянган тонн тэжээл бэлтгэсэн. Энэ нь шаардлагатай нөөцийн 70 хувь. Зарим аймаг, сум өвс, тэжээл худалдан авах санхүүжилтийг дансанд байршуулж худалдан авалт хийхэд бэлэн болгодог. Энэ жилийн хувьд ийм шийдлээр Дорноговь, Өмнөговь аймгийн сумд өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Манай яам Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын биелэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хянан, зохион байгуулж ажилласан.

-Нөөцөлсөн өвс, тэжээл нь дуусч, салбарын яамнаасаа тусламж хүссэн аймаг, сум бий юү?

-Өвс, тэжээл нь дууссан, дутсан аймаг өнөөдрийн байдлаар байхгүй. Харин Дорноговь аймаг тусламж хүссэн албан бичгийг энэ сарын 7-нд яаманд ирүүлсэн. Тухайн албан бичигт “Улсын нөөцөөс 200 тонн тэжээл, 20 мянган боодол өвс татаж авах санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байсан. Улсын нөөцийн өвс тэжээлийн асуудлыг ОБЕГ шийдвэрлэдэг. Иймд энэхүү асуудлыг холбогдох газарт нь уламжилна. Улсын нөөцөөс өвс, тэжээл татах хүсэлт ирүүлэх нь аймаг, сумынхыгаа дуусч байна л гэсэн үг.

-Тухайн албан бичгийг ирүүлснээс хойш арваад хонож байгаа юм байна.  Өвс, тэжээлийн дутагдлаас болж энэ хугацаанд тухайн аймаг, суманд малын хорогдол гарахвий. Хэдэн сумын малчдад өвс, тэжээл шаардлагатай гэж дурдсан байна вэ?

-Орон нутгийн тухайд ямар нэгэн асуудлыг холбогдох газарт нь уламжилж, шийдвэрлүүлэхийн тулд хугацаагаа тооцдог. Тиймээс тухайн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд үлдсэн нөөцөө хэрхэн ашиглах тухай төлөвлөгөөтэй байдаг. Уг нь Дорноговь аймаг өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан. Говийн бүсэд цасны зузаан таван см-ээс дээш байх тохиолдолд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байдаг. Тухайн албан бичигт Дэлгэрэх, Иххэт, Айраг, Алтанширээ гэсэн дөрвөн сумын цасны зузаан 9-15 см байгаа талаар дурдаж, зураг хавсаргасан байсан. 

-Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах зорилгоор шийдвэрлэсэн хөрөнгө мөнгийг хэрхэн хууварилсан бэ?

-ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсгийн орон нутагт ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдал, өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж, отор нүүдлийн маргаан гарч буй эсэх зэрэгтэй газар дээр нь танилцаад явж байна. Засгийн газрын арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор зудын эрсдэлийг бууруулахад зориулж 1.7 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, хуваарилалт хийж, оны өмнө тухайн аймгуудад олгосон. Тухайлбал, отор нүүдэл ихтэй Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв, Булган, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр 50 сая төгрөгийг оны өмнө олгосон. Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцийн 1710 тонн өвсийг үнэгүй, 1370 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж өгсөн. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Булган, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Эрүүл мэндийн төвд арван автомашин хүргүүлсэн. Мөн Өвөрхангай, Дундговь, Төв, Завхан, Хөвсгөл аймгийн ЗДТГ-т таван нэр төрлийн 40.3 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, биобэлдмэл нийлүүлсэн. Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр нэгдүгээр сарын 1-нээс ирэх дөвөрдүгээр сарын 1 хүртэл хивэгний экспортыг зогсоогоод байгаа. Ингэснээр үнийн хөөрөгдлийг зогсоож, хүртээмжтэй байх боломж бүрдэх юм. Манай улсаас хивгийг олон улс орон, ялангуяа Хятад улс их хэмжээгээр экспортолж авдаг. Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед ийм шийдвэр гаргаснаар малчдад том боломж олгосон.  Өвөлжилтийг малын хорогдол багатай даван туулахын тулд энэ мэт тусламж үзүүлж, зохицуулж байна.

-Мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн үү?

-Өнөөдрийн байдлаар мал хорогдсон тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар маш цөөн тоогоор мал хорогдсон байхыг үгүйсгэхгүй.

-Хэчнээн толгой мал отроор өвөлжиж байна вэ?

-Аймаг, орон нутгаас ирүүлсэн тоон мэдээнээс харахад нийт 169.7 мянган малчин өрхөд 67.7 сая, хонин толгойд шилжүүлснээр 112.9 сая малыг өвөлжиж байна.  Үүнээс 22.6 мянган өрхийн 10.2 сая нь отроор, 57.5 орчим сая нь өвөлжөө, хаваржаандаа суурин байна. Отроор өвөлжиж буй малчдын тухайд сум дундын отрын бүс нутагт 748, аймаг, дундын отрын бүс нутагт 1493, хилийн зурвас бүс нутагт 3126, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 6132, өөр аймгийн нутагт гэрээгээр 3914 өрх бий.  Аймаг, дундын отрын есөн бүс нутагт Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Завхан, Өвөрхангай, Төв Увс, Ховд, Хэнтий, Улаанбаатар хотоос нийт 592707 толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар болсон.

-Малчид отор нүүдэл хийхэд тухайн аймаг, сумын удирдлага, иргэд хөөх зэргээр эсэргүүцдэг тал бий. Энэ асуудлыг гэрээгээр зохицуулах нь үр дүнтэй байж чадаж байна уу? 

-Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв, Булган аймаг болон сумдын Засаг дарга болон холбогдох албаныхныг оролцуулж, өргөтгөсөн хуралдааныг орон нутагт хийсэн байдаг. Энэхүү хуралдаанаар отор нүүдэл хийж яваа малчдад ямар нэгэн байдлаар татвар болон бусад санхүүгийн дарамт учруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ малчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Татвар, хураамж төлөхгүй учраас аль ч аймгийн бүс нутагт отор нүүдэл хийх ёстой гэсэн ойлголттой байж болохгүй. Отор хийх гэж буй аймаг, сумын холбогдох газартай заавал гэрээ байгуулах ёстой. Отроос буцахдаа тухайн нутаг дэвсгэрээ цэвэрлэх, ашигласан хашаа хороо, худаг зэргийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх, үхсэн малын сэг зэмийг булах үүрэгтэй. Мөн бүх малаа шаардлагатай вакцинд хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэрт бүртгүүлсэн байх ёстой. Ингэж байж тухайн отрын бүс рүү орох боломжтой.

-Манай улсын хувьд бэлчээрийн даац, хүрэлцээ хангалтгүй гэдэг. Ялангуяа өвөл, хаврын улиралд. Холбогдох газрын албан ёсоор хийсэн судалгаа, шинжилгээгээр ямар дүгнэлт гаргасан байдаг вэ?

-Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээс үзвэл,  нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 орчим хувьд хэтэрсэн байна. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур их орж, зуншлага сайн, харин говийн нутгийн зарим хэсэгт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын ургац гүйцээгүй нь даац хэтрэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Манай яамны зүгээс Өвөрхангай, Архангай, Булган, Төв, Дундговь аймагт үүсээд байгаа отор нүүдлийн асуудлыг зохицуулах, эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн дөрвөн аймгийн 30 сумыг эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлтийг гаргасан.   

С.Юмсүрэн