З.Нарантуяа: Хямрал гүнзгийрч, зэс, нүүрсний экспорт багасвал татвар төлөлт саатах эрсдэлтэй байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хандан санал хүргүүлжээ.


САНАЛД:

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР,  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлага, санхүүжилтийг хэрэгжүүлэхэд бодит хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байгаатай холбогдуулж, Та бүхэнд энэхүү саналыг хүргүүлж байна.

2020 оны эхний 2 сарын төсвийн гүйцэтгэлээс үзэхэд төсвийн нийт зарлага, санхүүжилт 994.3 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 537.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 437.1 тэрбум төгрөгөөр тасарч /3 сарын гүйцэтгэлээр энэ дүн нэмэгдэх магадлалтай/, өнөөг хүртэл олгогдоогүй байна. Уул уурхайн эрдэс, түүхий эдийн экспортын хэмжээ төлөвлөснөөс бага байсан хэдий ч төсвийн нийт орлого эхний 2 сарын байдлаар тасраагүй (АМНАТ 45.0 тэрбумаар л тасарсан) атал дээрх зарлага, санхүүжилтийг бүрэн хийж чадаагүй байгаа нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээл, үнэт цаас гаргах асуудлаа Засгийн газар бүрэн шийдэж чадаагүйтэй холбоотой байна.

Өөрөөр хэлбэл, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид олгох цалин хөлс, тэтгэвэр, урамшуулал, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болон төрийн үйлчилгээнүүдийн төлбөр зэрэг нэг их наяд орчим төгрөгийн зарлагын санхүүжилт хийгдэхгүй  байгаагаас иргэд, аж ахуйн нэгжид очих мөнгөний хэмжээ буурч,  энэ хэмжээгээр хэрэглээгээр дамжин эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

2020 оны төсвийн зарлагын хуваарилалтыг харахад Сангийн яам төсвийн орлогыг оны эхэнд багаар төлөвлөж, Засгийн газрын зээл, үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжих дүнг түлхүү тавьж тооцсон байна. Хэрвээ Ковид-19-ийн тархалт буурахгүй, хилийн болон дотоодын хорио цээр удаан үргэлжилж, хямралын шинж байдал цаашид гүнзгийрч зэс, нүүрсний экспорт багасвал АМНАТ болон бусад татвар төлөлт саатах эрсдэлтэй байна. Тиймээс төсвийн зардлыг оны эхэнд танахгүйгээр дотоодын зээлээр  санхүүжүүлэх нь оны эцэст ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгохоор байгааг анхаарах хэрэгтэй.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 вирусын улмаас Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж эхэлснийг Олон улсын мэргэжлийн байгууллагууд, дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид анхааруулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн оновчтой арга хэмжээг зөв цагт нь үр дүнтэй авч, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхийг санал болгож байгааг та бүхэн мэдэж байгаа.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө төсвийн дутуу санхүүжилтээ бүрэн шийдвэрлэхээс гадна иргэдийн бодит орлого, хэрэглээг хамгаалж, дарамт болох зардлыг шийдвэрлэх шаардлага бас тулгарч байна. Доор дурдсан нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхийг санал болгож байна.

Үүнд:

1. Төрийн албанд ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байлгах;

2. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын ажлын байрыг хэвээр хадгалах, ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байх;

Энэхүү арга хэмжээг Монголбанк, Сангийн яам хамтран нэн яаралтай шийдвэрлэж, хэрэгжүүлэхгүй бол компаниуд ажиллагсдаа ажлаас нь халах, цалингүйгээр чөлөөлөх, жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоох зэрэг явдлууд гарч эхлээд байна.

3. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд цалин орлогын дийлэнх хэсгээрээ төлдөг ипотекийн болон хэрэглээний цахилгаан бараа, техник хэрэгслийн лизингийн зээлийн хүүг бууруулахыг арилжааны банкуудад зөвхөн уриалах бус Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах механизмыг ашиглах, банкуудад нэмэлт эх үүсвэр олгох үр дүнтэй арга хэмжээг авах;

Хэт оройтвол хожим үүнээс илүү зардал гарч төсөвт асар их дарамт, эрсдэл учирч болзошгүй байна.

4. Малчдын орлогыг өмнөх оноос бууруулахгүй, ноос ноолуур, арьс шир, махны үнийг үнийн уналтаас хамгаалах;  

5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан халамжийн үйлчилгээнүүдийн төрөл, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй, шуурхай шийдвэрлэж байх.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:

1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас 2020 онд шинээр эхлүүлэх бүх төсөл, арга хэмжээг бүгдийг 2021 он руу шилжүүлэн хямралын үеийн арга хэмжээний зардалд зарцуулах;

2. Иргэд, аж ахуйн нэгжид шууд олгохоос бусад төсөл, хөтөлбөрүүдэд болон Засгийн газрын онц шаардлагагүй сангуудад олгох санхүүжилтийг хасах;

3. Ковид-19 вирусын хамааралтайгаар үүссэн эдийн засгийн хямралыг хүндрэл багатай давах, энэ үед иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалахтай холбоотойгоор төсвийн зарлага, санхүүжилтийг дээр дурьдсан арга хэмжээнүүдийн хүрээнд нэмэгдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.