Моллайг ТАЙВАН ОРХИ!

"Токио-2020" зуны XXXII олимпиос мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай Герман улсын иргэншилтэй болохоор хүсэлт тавьж гэнэ. Улс даяар, олон нийтийн сүлжээгээр нэг үзэн ядалт, уур бухимдал, эгдүүцэл хөвөрч байна. Үүнтэй зэрэгцэн олимпиос медаль хүртсэн тамирчдыг Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх тов гарсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслол тогтсон өдрөө, товлосон цагтаа болсон бол нэр бүхий тамирчдад орон сууц, мөнгөн шагнал, улсын цол тэмдэг хүртээх байсан тухай албан мэдээнд дурджээ. Дахиад л шуугиан, ярих сэдэв болов. Уг нь Монголын баг тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 11-нд, Улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдах хугацаа нь өнөөдөр дуусгавар болсноор Төрийн хэмжээний хүндэтгэл үзүүлэхээр товлосон нь энэ.

Ийм нэгэн мессеж, сураг олон нийтийн сүлжээнд цаг наргүй түгэхтэй зэрэгцэн Монголын тамирчин Саиед Моллай Германы иргэншлэлтэй болох сэдлээ түр “азнасан” гэх хардлага дахин түгэв. Зураг, хөргийг нь тавиад янз бүрийн тайлбарыг тулгаж эхэллээ. Азнасан ч гэж эцэс төгсгөлгүй хардаж, шүүмжилж, буруутгадаг монголчуудын гэм биш зан нь түүнийг “азнуулж” байгаа бололтой. Угтаа бол Германд байгаа эхнэртэйгээ уулзах гэж хилийн дээс алхсанаа тэрбээр цахимаар өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан. Мөн Монголын нэрийн өмнөөс олимпын татамид зодоглож, мөнгөн медаль хүртсэн амжилтад нь төдийлөн ач холбогдол өгөөгүйд тунирхсан сэтгэгдлээ ил тод илэрхийлсэн нь заримынх нь эгдүүцлийг хүргэх шалтгаан байв.

Дэлхийн аварга ялангуяа олимпоос хэн нэгэн тамирчин медаль авахаар нутаг усаараа шуурч, орон сууц, автомашин амладаг жалга, довны үзэл гаргадаг нь бидний үнэн төрх. Энэ нь угжирч явсаар эцэстээ Төрийн том төвшинд очсоныг парламентын спикерийн үйлдэл харуулсан нь ч үнэн. Олимпын тэнгэрт улсын туг далбаа манддаг болохоос аймгийн, нутгийн зөвлөлийн нэр гардаггүй. Үндэсний шигшээ багийн тамирчнаараа л явдаг.

Алтын төлөө гараад ирэхэд нь олон нийтийн сүлжээ ашигладаг бүхэн өмчирхөж тэр, энэ аймаг, дүүргийнх зэргээр “өмчирхөж” асан нь саяхных. Харин өнөөдөр “Нэг муу гадаад гомдлоо л биз” гэх агуулга бүхий шүүмжлэлийг хаяглаж, түүгээрээ булж суугаа нь дэндүү ичгэвтэр хэрэг. Бусдыг чичилж, хардаж, үгүйсгэж суухаар тулга тойрсон, жалга довны үзэл нь Төрийн толгойд хэдийнэ гараад суучихсан, хуучинсаг тогтолцоог ойлгохгүй буйгаа илэрхийлсэн Саиед Моллайгийн буруу биш юм. Саиед Моллайг зүгээр л ТАЙВАН ОРХИ монголчууд аа! Тэр хийдгээ хийсэн, цаашдаа хийх ч болно. Монголын төр ч гаргасан амжилтыг үнэлэх нь зүйн хэрэг.

Г.Эрхэс