Б.Мөнхбаатар: ХӨСҮТ-өөс эхлээд улсын чанартай сургууль, эмнэлгийг байгуулна

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн шинэ дагуул хотын ерөнхий төлөвлөлтийг танилцуулав.

Хөшигийн хөндийд анх олон улсын нисэх буудал барихаар 2008 онд төлөвлөсөн байна. Улмаар Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөж, эхний ээлжид 2013 онд 12 мянган га талбайг онгоцны буудалд зориулан улсын тусгай хэрэгцээнд авчээ. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа ачаа бараа, карго болон тээвэр ложистикийн бусад үйлчилгээ хөгжих тул “Богдхан” төмөр замын трасст оруулжээ. Ингээд Улаанбаатар хотоос тээвэр, ложистикийн үйлчилгээнүүдийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэхээр төлөвлөж, 4500 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөжээ.

Тэрбээр “Эхний ээлжид онгоцны буудлын ойр Эдийн засгийн чөлөөт бүс, орон сууц, худалдааны төв байгуулах асуудлыг Хөшигийн хөндийн усны нөөц, ногоон байгууламжтай уялдуулан төлөвлөнө. Хөшигийн хөндийн ойролцоо Майдар цогцолбор, Мaнзуширын хийд байгаа. Тиймээс аялал жуулчлалын бүс хөгжүүлнэ. Түүнчлэн Зуунмод хотод ноосны том үйлдвэр бий. Говь компани ч газар аваад, ноолуурынхаа үйлдвэрийг гаргаж, ажилтнуудынхаа орон сууцыг барих хүсэлтээ илэрхийлсэн тул Хөнгөн үйлдвэрлэлийн бүсийг мөн Хөшигийн хөндийг байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Хөшигийн хөндийн 19 мянган га газрыг энэ оны аравдугаар сард улсын тусгай хэрэгцээнд авна. Энд ХӨСҮТ-өөс эхлээд улсын чанартай сургууль, эмнэлгийг байгуулна. ХӨСҮТ гэхэд л 18 обьект барихад 15 га газар шаардлагатай. Энэ мэтээр бид төлөвлөлтийг хийж, цаашлаад дэд бүтэц байгуулсны дараа хувийн хэвшлүүдэд дуудлага худалдаагаар газар олгоно. Үүнээс олсон мөнгөөр дараагийн дэд бүтцийг хөгжүүлэх юм. Улмаар онгоцны буудлын хойно үерийн ус зайлуулах хоолой байгуулах, дулааны болон цахилгаан станц байгуулна. Энэ газруудаа бид одоо улсын тусгай хэрэгцээнд авч, хадгалах ёстой. Энд барих цахилгаан станцын зургийг хийсэн бөгөөд үүнд зарцуулах 16.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ярилцаж байна.

Онгоцны буудлын орчимд эхний ээлжид 5000 хүн, яваандаа 15-20 мянган хүн суурьшина гэж төлөвлөсөн. Тиймээс хоногт 20 мянган шоо метр бохир хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд л гэхэд 10 га газар шаардлагатай. Энэ бүхэнд хамгийн багадаа 1-2 жил шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Мөн Хөшигийн хөндийн автозамын сүлжээг сайжруулж, “Чингис хаан” нисэх буудлаас Төв аймгийн төв рүү, Сэргэлэн сум руу зам тавих ажлыг ирэх жилийн улсын төсөвт замын зураг хийх төсвийг суулгахаар болсон байна.