ОХУ-ын тал Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос татгалзжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Г.Халтар УБТЗ-ын даргад Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж, ОХУ-ын талтай зөвшилцөхөөр санал хүргүүлснээ мэдэгдсэн.

Тэрбээр "УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу даргыг гурав гурван жилийн хугацаатай Орос, Монгол дарга ээлжлэх ёстой. Гэхдээ 1949-1991 он хүртэл орос даргатай ажилласан.  1991 оноос анхны монгол даргыг томилоод түүнээс хойш хоёр жил орос хүн даргаар ажилласан. Бусад үед монгол дарга ажиллаж байсан. Энэ удаа манай талаас ОХУ-ын талд даргаар нэр дэвшүүлсэн саналаа явуулсан. ОХУ-ын талаас хүнээ тавина гэсэн зүйл яриагүй" гэж байв.

Гэвч ОХУ-ын талаас Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос татгалзсан хариу өгсөн байна. Ц.Хүрэлбаатар нь төмөр замын мэргэжлээр ОХУ-д төгссөн бөгөөд 2016 оноос УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа юм.