С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Aжил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан уриалга гаргажээ.
Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цаг үе өндөр эрсдэлтэйн хэрээр өндөр хариуцлагыг та биднээс шаардаж байна. Ирээдүй хойчийнхоо төлөө, энхрий үрсийнхээ төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа хичээцгээе. Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, ЭМЯ, УОК энэ жил хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бүтэн хоёр жил анги хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзалгүй, нийгмийн амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрх ашгийг, ирээдүйг бид бодолцох ёстой. Ковид-19-ийн халдварын эрсдэл ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь илэрхий байгаа тул улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдрах хариу арга хэмжээний бодлого, төлөвлөгөө, бэлэн байдлаа хангаж эхлээд буй.
Олны дунд анх удаа орох цэцэрлэгийн багачуудад, сүүлийн хоёр жил цэцэрлэгт явалгүй шууд дунд сургуульд орж буй зургаан настнуудад, тооны хүрдээ мартсан бага ангийнханд, хичээлүүдээ сая нэг нөхөж хоцрогдлоо арилгах гэсэн дунд, ахлах ангийнханд багш, эцэг эхчүүд хамтдаа тусалж сэтгэлийн дэм өгөх учиртай.
Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал болоод байна. Халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг анги хамт олны болон ойр орчны зүгээс сэтгэлзүйн дарамтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Хамтдаа эрсдэлийг сөрөн зогсож, хичээл сургалт, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе" гэжээ.