С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Тогтохсүрэн: 0-18 нас хүртлээ хүүхдийн мөнгөө аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
-МАН-ын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаа намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Намрын чуулганаар 250 орчим хуулийн төсөл хэлэлцэхээр жагсаалтад оруулсан. Үүнээс дөрвөн чиглэлд онцгой анхаарч УИХ-аар хэлэлцүүлэх чиглэлд онцгой анхаарна. Нэгд, эдийн засгийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Татварын, хөрөнгө оруулалтын ХАҮТ-ийн хуулиудыг аль болох хурдан гаргана. Хоёрт, ҮХ-ын нэмэлт өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэлийг хурдан хийх хэрэгтэй байна гэж үзсэн. Гуравт, 2022 оны төсвийг хуулийн хугацаанд батална. Дөрөвт, мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн асуудал бий. Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай хууль, Газрын тухай хууль гэх мэт хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж бүлэг үзсэн.
-Ирэх оны төсвийг дэмжээд явъя гэдэг дээр санал нэгдсэн үү?
-Болоогүй байгаа. Ирэх 7 хоногийн бүлгийн хурлаар төсвийг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Ерөнхийд нь хугацаанд нь батлахаас өөр арга байхгүй. Бүлгийн хурлаар хэлэлцээд ажлын хэсэг гаргаад ажиллана.
-Засгийн газар хүүхдийн мөнгийг хуримтлуулах санал оруулсан. Үүнийг дэмжих үү?
-Засгийн газар 0-5 насны хүүхдүүдэд бэлнээр, түүнээс дээш насны хүүхдүүдэд хуримтлал хэлбэрээр өгнө гэсэн санал оруулж ирж байгаа юм билээ. Энэ маш зөв гэж үзэж байгаа. 0-18 нас хүртлээ хүүхдийн мөнгөө аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэр нь хүүхдээрээ дамжъя гэж байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна.