Сэтгүүл зүйд үе солигдож байна, харин үүнийг дагаж ирэх өөрчлөлт нь юу байх бол

 

Сэтгүүл зүй хөгжлийнх нь дүр зургийг тодорхойлох боломжгүй хурдтайгаар хөгжиж байна. Ялангуяа, техник, технологийн дэвшлийг дагаад мэдээлэл олж авах, түгээх, дамжуулах хурд асар өндөрт хүрчээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа явуулахдаа мэдээллийг сонгон шүүгч (gatekeeper), хүмүүст юуны тухай бодох ёстойг нь хэлж өгөгч (agenda setter) болдог байсан нь ч цахим сэтгүүл зүйн энэ эринд ихээхэн өөрчлөгдөж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг хяналтдаа байлгаж чадахаа больж, мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг өмчилдөг эрх дарх, давуу байдлаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээтэй хэлхэлдсэн дижитал сэтгүүл зүй мэдээллийн төвлөрсөн хяналтыг саармагжуулж, сэтгүүлчдэд байсан эрх мэдлийг булааж байна.”[1]

Хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлд ч олон өөрчлөлт гарч байна. “Өнөөдөр сэтгүүлчдийн цоо шинэ, дараагийн үе гарч ирлээ” гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Сэтгүүл зүйд үе солигдож байна, харин үүнийг дагаж ирэх өөрчлөлт нь юу байх бол?

Орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага, урлал, бичлэгийн арга барил, туурвил зүйн шинэчлэлийг “Балдорж” шагналын тэргүүн бүтээлүүд бүрэн төлөөлж чадах учир тус бүтээлүүдэд буй онцлогийг судлахыг зорин энэхүү бичвэрийг бичлээ.

Цуврал сурвалжлага бол бидний ололт

Сүүлийн жилүүдэд манай сэтгүүлчдийн бүтээлд ажиглагдаж буй нэг ололт бол цуврал нийтлэл юм. Сэтгүүлчид сүүлийн арваад жил цуврал нийтлэлээр гаршиж байна. Үүнд, Ц.Цэвээнхэрлэнгийн “Чонон сүргийн өчил”, “Ченж төлөвлөгөөний золиос”, Х.Болормаагийн “Эрэлтэд дөрөөлж эрээгүй аашилсан барилгынхан”, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, Ж.Тэгшжаргалын “Салхи биднийг хөтөлнө”, зэргийг нэрлэж болно. Эл буухиаг буухиалж бүтэн жилийн турш Ж.Сувдмаа, Т.Энхбат нар 10.000 км зам туулж “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” нийтлэлээ бичиж “Балдорж 2018” шагналын эзэн болсон бол Х.Уянга “Амьдрал сайн уу”, “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал нийтлэлээр шилдэг аравт шалгарчээ. Энэ нь манай сэтгүүлчид нэг удаагийн мэдээ, сурвалжлага бичээд орхидгоо больж байна гэсэн үг. Эхэлж олсон сэжүүрээ сэтгүүлч хүн эцсийг нь хүртэл мөрддөг, бүх юмыг мухарладаг, эцсийг нь үздэг том сэтгүүл зүй манайд төлөвшиж буй гэж бодож байна. Барьж авсан сэдвийнхээ араас чинээнд нь тултал явж, хөдөлмөрлөхийн сацуу түүнийг гаргаж бичихийн тулд сэтгүүлчээс ихээхэн ур чадвар шаарддаг билээ.

Зураглалаас сурвалжлага бүтэх нь

Т.Энхбат, Ж.Сувдмаа нарын “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” сурвалжлагын эхлэл хэсэг нь Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгийн зураглалыг санагдуулам дүрслэлтэй байх юм. Уул уурхайн тухай нийтлэл бичих гэж буй боловч зэрэглээ тунарсан их говийн дүрслэл, хөдөөх эрийн дүрслэлээр эхэлж буй энэхүү сурвалжлага яг л зохиол мэт цааш уншигдаж гол агуулга руу гаа уншигчийг татна. Тодруулбал, “Хоньчин өвгөн говийн нар, салхинд борлож, хар бор ажилд эвэршсэн хуруугаараа гитарын нарийн, бүдүүн утсыг нэг нэгээр нь чичрүүлэн имэрнэ. Шороонд дарагдаж, үл ялиг өлөн хир суусан саравчтай, улаан малгайгаа толгойноосоо салгах дургүй, хүрэн бор эр хөхөлбөр тэнгэрийн дор, хөдөөх буйд ертөнцөд нь сэтгэлийн хань болдог гитарынхаа хөгийг шалгаж байгаа нь тэр.”[2] гэж дүрсэлсэн нь Д.Нацагдоржийн “Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж , хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн үсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров”[3] гэсэнтэй ихэд төстэй зураглал санагдана.

Уншигчийг залхаахгүйгээр өөрийнхөө өгөх гэсэн санааг ойлгуулахын тулд нийтлэлээ эл зураглалаар эхлүүлсэн нь тун ч оновчтой болжээ. 2015 оны “Балдорж” шагналтан Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн бага сургуулийн сурагчид” сурвалжлага ч дээрхийн адил хүүрнэл зохиолын эхлэл мэт дүрслэлтэй байна. Тодруулбал, “Хануй бригадын зүүн урдаас зээрд морьтой хүүхэддавхиулсаар улаан хүрэн өнгөтэй дүнзэн байшингийн өмнө ирлээ. Их л яарч сандарч байгаа бололтой, мориноосоо үсэрч буугаад үүрч явсан цүнхээ газар шидчихэв. Тэгснээ мориныхоо жолоо, цулбуурыг хурдхан гэгч нь эвхээд морио сул тавьчихлаа. Битүү цан болсон зээрд морь газар үнэрлэж байснаа гөлмөө дэрвүүлээд л ирсэн зүг рүүгээ хатирчихлаа. Мориныхоо араас хэсэг харж зогссон хүү цүнхээ шүүрч аваад сургуулийн зүг гүйчихэв. Хүйтэн жаварт хацар нь гүйцэт боловсорсон алимны бөөр шиг час улаан болчихсон ч саяын үйлдэлдээ хамарныхньхөлс бурзайжээ. Үнэгэн малгай, үстэй дээл, эрээн хүрэм, эсгий гуталтай хүү гүйх замдаа малгай, хүрмээ тайлж, дээлнийхээ бүсийг чирсээр сургууль руу ороод явчихав. Мань эр хичээлээсээ хоцорчихоод яарч сандарч яваа нь энэ аж. Төд удалгүй эсгий гутлаа тайлчихсан, сурагчийн дүрэмт хувцсаа засаад анги руугаа орж харагдлаа. 4А ангийн сурагч Б.Гантөгс амралтын өдрүүдээр хөдөө гэртээ хариад даваа гаригийн хичээлдээ суухаар ирж байгаа нь энэ.” гэж “Ганц морьтой хүүхэд холоос давхиж ирээд сургуулийн гадаа буух хүртэлх зураглалыг яг л зохиол шиг орон зайд шилжүүлэн дүрслээд хүүгийн жаварт хайрагдсан хацрыг “гүйцэт боловсросон алимны бөөр шиг час улаан болчихсон” хэмээн дүрсэлсэн эхлэл уншигчийг баримт эсвээс бүдүүн баараг тоочилтоор залхаахын оронд тухайн мэдээллийг агуулж буйгаараа онцлогтой”[4]байна.

Дашрамд өгүүлэхэд, уран зохиолын зураглалаас зарчмын хувьд ихээхэн ялгаатай сэтгүүлзүйн зураглалын онцлог, мөн чанар, үүрэг зориулалтыг тэр бүр мэдэхгүйгээс адил зүйл мэт ойлгох, хольж хутгах, буруу хэрэглэх нь пратикт нэн түгээмэл байна. Сурвалжлага, аян замын тэмдэглэл, эсээ зэрэг сэтгүүлзүйн төрлүүдэд нэгэн бүрдэл хэсэг нь болж хэрэглэгддэг зураглалыг тухайлан судалсан зүйл үгүй ажээ. Уран зохиолын уламжлалт төрөл зүйлд оноон хамаатуулахад нэн бэрхтэй уянгын зохиолын нэгэн өвөрмөц хэлбэрийг судлаачид “уянгын зураглал”, “үргэлжилсэн үгийн яруу найраг” гэх мэт янз бүрээр нэрлэж тэмдэглэсэн байдаг. Хүнд голдуу сэтгэлийн цэнгэл өгч, дотоод сэтгэлийн баясал төрүүлэх онцлог бүхий уянгын зохиолын энэхүү хэлбэрийг манай зарим судлаачид “нийтлэл- уран сайхны бичлэгийн төрлийн бие даасан зүйл”[5], “найрууллын жижиг хэлбэр”[6] гэх зэргээр сэтгүүлзүйн бичлэгийн төрөлд хамааруулан үзсэн нь ч бий.

Судлаач Ж.Батбаатар сэтгүүлзүйн бичвэрийн хэд хэдэн төрлийн дотоод бүтцэд орж хэрэглэгддэг энэхүү “зураглал хэсэг”-ийг уран зохиолын зураглалтай харьцуулан шинжлэх замаар нарийвчлэн судлаад “Сэтгүүлзүйн зураглал тухайн бодит юмс үзэгдэл, үйл явдлыг л дүрслэн буулгадаг өөрөөр хэлбэл бодит байдлыг хуулбарлаж, түүнд тулгуурлаж бүтдэг онцлогтой. Сэтгүүлзүйн зураглал нь уран сайхны зураглалаас илрэх хэв маяг, хэл, найруулгын хувьд ялгаатай. Уран сайхны зураглалын бүтэх аргын үндэс нь уран сэтгэмж, уран сайхны сэтгэлгээ байдаг бол түүнийг илэрхийлэх хэлбэр нь /адилтгал, зүйрлэл, чимэг үг зэрэг урнаар дүрслэх хэрэглүүрийг өргөн ашигласан/ уран дүрслэл юм”[7] гэжээ. Тиймээс уран сайхны зураглалын өгүүлбэрийн найруулах хэв маягийн түгээмэл бүтцийг /чимэг үг + чимэг үг + нэр үг эсвэл дүрслэх чимэг+дүрслэх чимэг +үйл үг/ хэмээн томъёолж болох юм. Сэтгүүлзүйн зураглал нь бодит байдлыг хуулбарласан зураг, түүнийг үгээр дүрслэн буулгасан илэрхийлэл байдаг учраас зорилгоосоо үүдэн, уянгын халил, сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс илэрхийлэх зэрэг уран сайхнаас ангид энгийн дүрслэл, найруулга голлодог онцлогтой. Сэтгүүлзүйн зураглалд /өгүүлэгдэхүүн+тусгагдахуун+өгүүлэхүүн / гэсэн сэтгүүл зүйн хэл, найруулгын үндсэн шаардлагыг хадгалсан товч, энгийн өгүүлбэрийн бүтэц хадгалагддаг. Бодит байдлыг буулган тусгасан сэтгүүлзүйн зураглал уншигчдад тэр хэрээрээ бодит мэдээлэл болж хүрдэг онцлогтой. Иймээс сэтгүүлзүйн зураглал бол мэдээлэл юм, зураглан үзүүлэх нь мэдээлэл дамжуулах арга, хэрэглүүр юм гэж үзэж болно.

Сэтгүүл зүй дэх бичвэр сүлэлдээн /intertextuality/ буюу бичлэгийн нийлэгшил

Дээрх хоёр нийтлэлээс сэтгүүл зүйн бичлэгийн хэд хэдэн төрөл зүйлийг харж болно. Нийтлэлийн эхлэл хэсэгт уран зураглал, хоёрдугаар хэсэгтээ асуудал дэвшүүлсэн өгүүлэл хэлбэрээр бичсэн байх юм. Эл хоёр нийтлэлийн бичлэгийн онцлог нь сурвалжлага-ярилцлага хавсарсан эсвэл сүлэлдэж бичигдсэн шинжтэйд байна. Нэг үгээр бичвэр нь бичвэр сүлжилдээний онцлог бүхий зохиомжтой байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд “Балдорж” шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийг харахад уран зохиолын элемэнтийг өөртөө агуулсан, олон төрөл жанрыг хослуулсан, бичвэр сүлэлдээний аргаар бичсэн бичвэрүүд зонхилж байна. Энэ талаар судлаачид ч тэмдэглэсэн нь бий. Тодруулбал П.Батхуяг “Сэтгүүлзүйн онолын сэтгэлгээнд ч “ҮЗЭЛ СУРТАЛГҮЙ” чөлөөт эрэлхийллүүдийг чухалчлах болсон нь бичлэгийн “шинэ” өвөрмөц төрлүүд үүсч хөгжих тодорхой нөхцөлийг бүрдүүлжээ. Нөгөө талаар төрөл зүйлүүдийн нийлэгжих /genre hybridization/ үзэгдэл ч сэтгүүлзүйн бүтээлүүдэд тэр тусмаа ярилцлагын төрөлд илүүтэй анзаарагдаж байна. Юмс үзэгдэл тодорхой хувьслын шатанд нийлэгжих /эрлийзжих/ замаар шинэ төлөв, хувьсал, дүр төрх бүтээж байдаг. Нийгэм, урлагт ч, техник технологийн орчинд ч энэ үзэгдэл явагддаг.[8] гэсэн бол М.Зулкафиль “Зарим бичлэгийн төрөл устаж үгүй болж, зарим бичлэгийн төрөл, зүйл болон тэдний дотоод хэлбэрүүд баяжиж, шинээр бий болох хандлага ажиглагдаж байна.”[9] хэмээн тэмдэглэжээ.

Судлаач У.Бямбаням “Төгсөхгүй асуулт: Чи шинэ гэж юуг хэлээд байна вэ” шүүмждээ орчин цагийн сэтгүүл зүй дэх “шинэ сэтгүүл зүй” хэмээх ойлголтыг судлаад “Эрлийз” сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн сүлэлдээн гэж болохоор бичвэрүүд залуу сэтгүүлчдийн дунд ажиглагдах болсон. Гэхдээ эдгээр бичлэгийн нийлэгжил сэтгүүл зүйд хэдийнэ байсан, байсаар байгаа төрөл бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглаж буй нь энэ цаг үед тохиож буйг бид анхаарах хэрэгтэй. Тиймээс бид сэтгүүл зүйн нэр томьёог эргэн харж, зөвхөн тулгаж тааруулсан явцуу байдлаар төрөл зүйлийг хүлээн авдаг байдлаа эргэн харахад хүргэж байна”[10] гэжээ.

Нийтлэл-уран сайхны бичлэг бүхий ярилцлага төлөвшиж байна

Өнөөгийн сэтгүүл зүйн хамгийн түгээмэл бичлэгийн зүйл бол ярилцлага юм. Сэтгүүл зүйн сүүлийн үеийн бичлэгийн чиг хандлагаас ажиглахад ярилцлага нь төрөл зүйлийн хувьд нийлэгжин “эрлийзжих” замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж байна. Товчхондоо сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцлагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын сэтгүүлзүйд, тодорхой сэтгүүлчдийн бүтээлээс илэрхий ажиглагдаж байна. Энэхүү нийлэгжих үзэгдэл асуудал дэвшүүлсэн, хөрөг, баримт мэдээллийн ярилцлагаас гадна сурвалжилсан-ярилцлага, нийтлэл- уран сайхны ярилцлага гэсэн харьцангуй “шинэ” төрөл ч бий болжээ[11].

Сэтгүүлч Б.Алтанхуягийн “Анир гүм дэх цаг хугацаа” ярилцлага нь “Зөвхөн уран зохиолын тухай”, “Зөвхөн сэтгүүлзүйн тухай”, “Зөвхөн Монголчуудын тухай” гэсэн гурван хэсгээс бүтнэ. Чингэхдээ бүлэг бүрт “Сэтгүүлчийн хүүрнэл” хэмээх оруулбарыг шигтгэжээ. Тодруулбал, ярилцлагадаа “Магадгүй хүн бүрт нэг хөндүүр байдаг. Тэр нь гунигтай, жаргалтай аль нь ч байж болно. Үрээд л бид өөрсдөө үрэгдээд л дуусдаг цаг хугацааны харгис араншин дор аливааг хийж бүтээх, үнэ цэнтэй зүйлсээ хамгаалж үлдэх нь чухал санагдана. Ярилцлагын дараа бид ажлын өрөөнөөс хамт гарч, засмал замын дэргэд гар барьж салснаас хойш ийн бодсоор алхав. Цаанаа л нэг тийм амгалан, уужуухан санагддаг энэ хүний дотор яг одоогоор байж болох бүхэн нь энэ. Зарим нь нууц хэвээрээ ч үлдсэн байх. Цаашдаа ч олон нууцтай болно. Тэр үед нь амжиж утсаа шүүрч аваад дахин ширээний ард сууцгаах юм шүү гэж бодлоо”[12] гэх мэтийн уянгын халил бүхий бичвэрийг хөөрөлдөөндөө шигтгэж өгсөн нь ярилцлагад сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгдсэнийг гэрчилнэ. Мөн М.Энхцолмонгийн “Далай агуу том, завь өчүүхэн жижиг” ярилцлага нь “ярилцлагын өмнө унших эшлэл”, “ярилцлагын дараа унших эшлэл” гэсэн оруулбартай байна. Энэ мэтээр зөвхөн асуулт ба хариултаар зохиомжилсон ярилцлагын уламжлалт хэлбэрээс гадна бичлэгийн төрөл зүйлүүд ийнхүү нийлэгжих үзэгдлийн явцад “нийтлэл-уран сайхны бичлэг бүхий ярилцлага” төлөвшиж байна.

Зүүлт

[1] Boczkowski, P. J. (2004a). Digitizing the news: Innovation in online newspapers. Cambridge: MIT Press.

[2] Энхбат Т. Сувдмаа Ж нар. Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин. Уб., 2018. http://undesten.mn/69742.html

[3] Нацагдорж Д. Бүрэн түүвэр. Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Уб., 1996. 216

[4] Бямбаням У. Төгсөхгүй асуулт: Чи шинэ гэж юуг хэлээд байна вэ. Өнөөдөр. Уб., 2018

[5] Зулькафиль М. Сэтгүүлзүйн нэр томъёоны тайлбар толь. УБ. 2007. 47

[6] Норовсүрэн Л. Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл, зүйл. УБ. 1996. 110–112

[7] Батбаатар Ж. Зураглал сэтгүүлзүйн бичлэгийн нэгэн арга, хэрэглүүр болох нь. Уб., 2011

[8] Батхуяг П. Б.Ганчимэг ярилцлагын төрөлд мэргэшсэн мастер мөн. Харин шинэчлэгч гэдэг тодорхойлолт эргэлзээтэй. Уб., 2016. http://www.sonin.mn/news/politics-economy/60352

[9] Зулькафиль М. Сэтгүүлчийн ур чадвар. 2009. 276

[10] Бямбаням У. Төгсөхгүй асуулт: Чи шинэ гэж юуг хэлээд байна вэ. Өнөөдөр. Уб., 2018

[11] Батхуяг П. Б.Ганчимэг ярилцлагын төрөлд мэргэшсэн мастер мөн. Харин шинэчлэгч гэдэг тодорхойлолт эргэлзээтэй. Уб., 2016. http://www.sonin.mn/news/politics-economy/60352

[12] Алтанхуяг Б. Анир гүм дэх цаг хугацаа. Уб., 2018. https://medium.com/@yoshka.24797/%D0%B0%D0%BD%D0%B8%D1%80-%D0%B3%D2%AF%D0%BC-%D0%B4%D1%8D%D1%85-%D1%86%D0%B0%D0%B3-%D1%85%D1%83%D0%B3%D0%B0%D1%86%D0%B0%D0%B0-72405871e091

Ном зүй

1. Батбаатар Ж. Зураглал сэтгүүлзүйн бичлэгийн нэгэн арга, хэрэглүүр болох нь. Уб., 2011.

2. Батхуяг П. Б.Ганчимэг ярилцлагын төрөлд мэргэшсэн мастер мөн. Харин шинэчлэгч гэдэг тодорхойлолт эргэлзээтэй. Уб., 2016.

3. Бямбаням У. Төгсөхгүй асуулт: Чи шинэ гэж юуг хэлээд байна вэ. Өнөөдөр. Уб., 2018.

4. Boczkowski, P. J. (2004a). Digitizing the news: Innovation in online newspapers. Cambridge: MIT Press.

5. Зулькафиль М. Сэтгүүлчийн ур чадвар. 2009.

6. Зулькафиль М. Сэтгүүлзүйн нэр томъёоны тайлбар толь. УБ. 2007.

7. Нацагдорж Д. Бүрэн түүвэр. Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Уб., 1996.

8. Норовсүрэн Л. Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл, зүйл. УБ. 1996.

9. Энхбат Т. Сувдмаа Ж нар. Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин. Уб., 2018.

10. http://baldorjsan.mongolnews.mn/

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭША

Б.Мөнх-Эрдэнэ