Нэр бүхий жагсагчдыг саатуулсан генерал Ж.Болдын тайлбар

Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа баривчилгаатай холбогдуулж Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд тайлбар өглөө.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж байна. Цар тахлын үед зөвшөөрөл авч байж хийх ёстой жагсаал цуглааныг хориглодог боловч бид иргэдийн үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж, хамтран ажилладаг.

Он гарсаар есдүгээр сарын байдлаар жижиг болон том хэмжээний нийт 198 жагсаал, цуглаан болсон гэж Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнийг тодорхойлж байгаагийн учир нь, хуульд заасны дагуу жагсаал зохион байгуулагч нь тэнд оролцож байгаа иргэдийн дэг журам, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж ажиллах ёстой.

Миний хувьд ЦЕГ-ын дарга ч гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцдоггүй. Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд жагсаал зохион байгуулж, улмаар есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалын үеэр төв талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан.

Хайрцагт гутал байсан гэж байгаа ч дотор нь юу байгааг бид мэдэхгүй учраас шалгах ёстой. Тухайн өдөр Д.Сүхбаатарын талбайд ногооны үзэсгэлэн худалдаа, өдөрлөг зэрэг олон хүн цугласан үед тиймэрхүү эд зүйл нэвтрүүлэх боломжгүй. Энэ талаар НЗД-ын Д.Сүхбаатарын талбайд оруулж болох, болохгүй эд зүйлийн жагсаалтыг заасан журам байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж биед нь халдсан тул хэргийг шалгахаар СБД-ийн цагдаагийн хэлтэс рүү түүнийг аваачсан.

Нийгмийн тогтворгүй байдал руу иргэдийг уриалсан, хууль ёсны шаардлага тавьсан хуулийн байгууллагын алба хаагчийг илт эсэргүүцэх, өөрсдөө хөндлөнгөөс бичлэг хийж алба хаагчийг буруутгах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд нь цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд иргэдийн эрх чөлөөнд халдахгүй хүндэтгэлтэй хандсан. Тэр өдөр иргэн Э.Одбаяр нь лайв хийж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, цагдаагийн алба хаагчийг элдэв үгээр доромжилсон бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан байгаа.

Д.Монголхүү нь гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж буй бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудаж, сануулсаар байхад огт ирдэггүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр энэ сарын 5-нд баривчлах ажиллагаа явуулсан юм.

Шөнийн 02:30 цагийн үед иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих 461 дүгээр анги руу халдаж орон гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээд буюу иргэн Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан. Энэ мэт хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол төртэй, хуультай улс учраас хуулийн дагуу өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье” гэлээ.