Тав дахь медалийг Э.Даваачимэг хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвеги улсын Осло хотод энэ сарын 2-10-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ багаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдын тав дахь хүрэл медалийг авчирлаа. 

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол гэнэ.