С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цахим өгөгдлийн давхардлыг арилгах чиглэлээр мэдээлэл сонсов
УИХ-ын дарга Г.Занданшатар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороо, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон бусад холбогдох албан тушаалтнуудтай төрийн үйлчилгээг цахимжуулахад тулгамдаж буй асуудлууд, цахим өгөгдлийн давхардлыг арилгах чиглэлээр мэдээлэл, танилцуулга сонсжээ. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний чирэгдэл, хүнд суртлыг бууруулахад цахим хөгжлийн бодлого, төрийн их өгөгдлийн сан байгуулах явдал нэн чухал юм.
Баримт нотолгоо, бодит тоон өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан шийдвэрүүд л зорилтот байндаа тусч, үр дүнтэйгээр хэрэгждэг болохыг тал бүрийн судалгаа, мэдээллүүд харуулж байгаа юм.
"И-Монголиа” хөтөлбөртэй уялдуулан “Төрийн их өгөгдлийн сан” байгуулснаар төрийн үйлчилгээ, нийгэм, эдийн засаг болон бусад макро түвшний шийдвэрүүдийн үр өгөөж дээшилж, төсвийн давхардсан зардлуудыг хэмнэх боломж бүрдэнэ. Үүний тулд төрийн байгууллагууд дахь цахим өгөгдлийн санг бүрдүүлэх үйл явцыг үндсэн нэг стандартад шилжүүлж, мэдээллийн технологийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог нэгтгэн зангидах ажлыг шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам тэргүүлэн гүйцэтгэх ёстой. Харин цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хийдэлгүй, үр дүнтэй, хүртээмжтэй, хүний эрхийг дээдэлсэн байдлаар гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчин талаасаа УИХ анхааран дэмжиж ажиллах аж.