Мөнхийн хоёр хөршдөө дайсан Монголын мессеж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг хүлээн авч уулзжээ. Албан мэдээнд өгүүлснээр уулзалтын агуулга товч бөгөөд тодорхой. Хилийн боомтуудаа ойрын хугацаанд шинэчилж, гацаанаас гаргах тухай. Монгол Улс далайд гарцгүй ч Ази, Европын төлөөлөл бүхий хоёр том гүрнийг холбодог хамгийн дөт мөртлөө төв цэг болдгоороо онцлог, газар нутгийн давуу тал нь. Үүнийгээ ашиглаж, ачаа тээврийн эргэлтийг нэмэх замаар эдийн засгаа тэлэх энэ Засгийн бодлого, тэргүүн зорилт нь “Шинэ сэргэлт”. Түүн дотроо “Боомтын сэргэлт”.

Монгол Улс БНХАУ-ай 13 боомтоор хиллэдэг. 12 авто, үлдсэн нэг нь төмөр замаар холбогддог. Хамгийн том нь Замын-Үүд. Олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой нь. Төмөр замаар холбогддог учраас бараа бүтээгдэхүүний импорт, нүүрс, зэсийн экспорт үүгээр дамждаг. Гагцхүү 1.4 тэрбум хүн амтай, тэр хэрээрээ дэлхийн эдийн засгийн өрөг дээр гол тоглогч болох том амбийцтай урд хөрш рүү бидний гарах гарц нь боомт. Зөвхөн Замын-Үүдээр хязгаарлагдахгүй боломжтой боомт бүрийг өргөжүүлж, ачаа тээврийн эргэлтээ нэмэгдүүлэх нь Монголд хэрэгтэй, эдийн засагт нэмэртэй. Яг ийм шалтгаан, үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Өмнөговьд албан томилолт хийсэн, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох товтой. Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна. БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хөндсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, түрүүчээсээ бодит үр дүн нь гарлаа. Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж, экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн өөдрөг тооцоолол бий болов.

Хоёр улсын хооронд автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг энэ амралтын өдрүүдэд тавьж дуусгаснаар ирэх даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх нь. Туршилтын хугацаа дууссаны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулах хэлэлцээг Хуулийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг хийж байна.

Ерөнхий сайдын зүгээс ч хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавчийн үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг Хятадын Элчин сайдаас хүссэн нь боомтууд бүхэлдээ сэргэх нь цаг хугацааны асуудал болж байна.

Боомтын сэргэлтэд чухал нөлөөтэй дараагийн хүчин зүйл нь хойд хөршөөс хамаарна. Автозамын 14, төмөр замын хоёр боомтоор хиллэдэг. Үүнээс Засгийн газрын түвшинд ач холбогдол өгч буй нэг боомт нь Ульхан. Боомтыг шинэчилж, өргөтгөх, засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын бас нэгэн зорилт учраас ОХУ-ын Элчин сайдад уламжилсан нь зүйн хэрэг. Ийнхүү цар тахлын сөрөг нөлөөнөөс үүдэж хаагдсан, хилийн "хориг"-той явж ирсэн боомтууд эхнээсээ "амь орж" буй нь Монгол Улсын хувьд САЙН МЭДЭЭ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар мөнхийн хоёр хөршдөө хилийн боомтуудаараа дамжуулан бас нэгэн дипломат мессежийг өгчихлөө.

С.Гандөл