Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
Хоёр хувинтай эхлүүлсэн "Төгс цэвэрлэгээ"
"БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ" цувралын зочноор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн эгэл жирийн малчны гэрт төрж, өссөн ажилсаг бүсгүй М.Лхамтуяаг урьсан юм. Арван жилийн сургуулиа төгсч оюутан болсон цагаасаа хойш ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийж, аливаад хариуцлагатай хандахыг суралцжээ. Хөдөөгийн буйдхан сумаас их хотын амьдралд дасан зохицож, аав ээжийнхээ ачийг хариулах хүсэлдээ хөтлөгджээ. Ээж болж үзээгүй ч нэг сартай нярайг харах хариуцлагатай ажлыг хийхээс гадна тухайн айлынхаа гэрийг цэмбийтэл цэвэрлэнэ. "Би өөрийгөө тухайн айлын үнэнч менежер" хэмээн боддог байснаа хэлэв. Бүхий л зүйлд хариуцлагатай ханддагийг нь тухайн гэрийн эзэгтэй сайшаана. Амьдралын ханьтайгаа танилцаж, ажлаасаа гарах шийдвэр гаргасан ч тэрбээр зүгээр суухыг хүсдэггүй. Зургаан сартай жирэмсэн байхдаа айл цэвэрлэнэ. "Хүүх жирэмсэн юм уу. Эгчийн дүү цэвэрлэж чадах уу" гэж асууна. Хэдэн цагийн хугацаанд гэрийн өнцөг булан бүр, нүх сүвийг арчиж, зүлгэж ямар ч тоосгүй цэв цэвэрхэн болсны дараа "Ямар гоё цэвэрлээ вэ. Чи яасан үнэнч, сэтгэлээсээ хийдэг юм" гэж уулга алдан хэлэхийг сонсоод битүүхэндээ баярлана. М.Лхамтуяагаар гэрээ цэвэрлүүлдэг үнэнч үйлчлүүлэгч нь нэг өдөр "Чи гэр цэвэрлэгээний компани нээгээч" гэсэн саналыг тавьжээ. Хэсэг хугацаанд бодож үзээд наймдугаар сард ханьтайгаа хөтлөлцөн алхаж явахдаа сонирхуулахад "Болно шүү дээ" хэмээн товч бөгөөд тодорхой хариултыг өгчээ.
Тэрбээр 2019 оны аравдугаар сард "Төгс цэвэрлэгээний компани" гэсэн пэйж хуудас нээв. Таван дагагчтай болчихоод баярлахын сацуу уйгагүй гэгч нь группүүд рүү хуваалцана. Пэйжээ хөгжүүлэхэд ач холбогдол өгч, шөнийн гурван цаг хүргэж унтана.
М.Лхамтуяа багаасаа "Би ирээдүйд компанитай болж, өөрөө захирлынхаа ажлыг сайн хариуцна хийнэ" гэж мөрөөддөг байжээ. Өнөөдөр түүний мөрөөдөл биеллээ олж, анх автобусанд ганцаараа хоёр хувин бариад эхлүүлсэн ажил нь өргөжин тэлж 20 хүнийг ажлын байраар хангаж, улсдаа татвар төлөгч болжээ. Цэвэрлэгээний компани нээнэ гэхэд зөвлөсөн эгч нь түүнийг дэмжиж, 80 мянган төгрөгийн бүтээгдэхүүн бэлэглэсэн гэнэ. Ажлыг эхлүүлэхэд дэмжлэг чухал. Дэмжсэн хүний урмыг хугалж болохгүй. Тиймээс түүнд хичээх л үлджээ. Түүний хичээл, зүтгэлээс ирээдүйд өсч дэвжих үү эсвэл бүр зогсоох уу гэх асуулт хариулт нэхнэ. "10 дугаар хороололд ирж гэр цэвэрлэх үү" гэсэн мессеж ирэхэд баярлан очиж цэвэрлэсэн нь амжилттай ажиллах эхлэлийн бат бөх суурь болжээ. Жирэмсэн байж ямар гоё цэвэрлэдэг мундаг охин бэ гэсэн урмын сайхан үгсийг их сонсоно. Тэрбээр төртлөө цэвэрлэгээний ажлаа хийж явсаар 2020 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, 2021 онд дахин хоёрдахь үрээ төрүүлэв. Ажлаа хиймээр санагдаж, ээждээ үнэн учраа хэлэв. "Би 2018 онд нийслэлийн Хот тохижилтын шуурхай албанд ажилд орсон.
2021 оны дөрвөн сард даргатайгаа уулзаад ажилдаа орох тухайгаа хэлэхэд "Хүүхэд чинь дөрвөн сартай юм байна" гэсэн. Би ажилдаа орно, давхар өөрийнхөө цэвэрлэгээний бизнесээ ч хариуцан сайн хийнэ" гэдгээ хэлээд ажиллаж эхэлжээ. Би хоёрдахь хүүхдээ 2021 оны нэгдүгээр сард төрүүлсэн. Ээж рүүгээ залгаад "Охин нь ажилдаа орлоо. Та хүүхдийг минь хараад өгөөч. Хөдөөнөөс ирээд аваад явах уу" гэж асуусан. Ээж ч ирж авсан. Томыгоо хадмынд багыгаа өөрийнхөө аав, ээжээр харуулсан. Зорилго тавиад маш их хичээсэн. Хоёр ажлаа цалгардуулахгүй байхад анхаарсан даа. Захиалга ч орж ирэх нь нэмэгдсэн. Ажилсаг таван сайхан эгчтэй болсон. Тэр үед гурван давхар том сургуулиас захиалга ирсэн. Надад багаж,цэвэрлэгээний хэрэгсэл хомс байлаа. Гэтэл эгч маань "Чи чадна. Авах хэрэгтэй" гэж зөвлөсөн" гэв.
Өдөржин цэвэрлэж, удирдлагад нь хүлээлгэн өгч, авсан ажлынхаа хөлсөөр уурын аппарат, шат худалдан авсан байна. Уурын аппарат, шат, хувин, цэвэрлэгээний бодисоо аваад автобусанд сууж явдаг байснаа тэрбээр дурсав.
Ажил хийж байгаа учраас бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Гэрээ цэвэрлүүлэхээр дуудсан хүнийхээ өмнө хүлээх хариуцлагатай байх хэрэгтэй. Тиймээс 2021 оны есдүгээр сард компани байгуулж, гэрчилгээ авч, албан ёсоор татвар төлж, үндсэн ажилтантай болсон байна. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Эзэгтэйгээс нь илүү цэвэрлэнэ. Үнэнч, хариуцлагатай ажиллахыг эрхэм зорилгоо болгож ажилласны шагнал түүнд ирэв. Автобусанд явдаг үед ард үлдэж, бэрийнхээ хичээл зүтгэлийг урамшуулж, хадам ээж нь зургаан сая төгрөгийн урьдчилгаа өгчээ. Өвөө нь тэтгэврийн зээл авч өгснөөр М.Лхамтуяа орж ирсэн шив шинэ ажилчдын машинтай болсон байна. Хань, хоёр талын аав ээж, өвөөгийн дэмжлэгээр өлгийдөж авсан "Төгс цэвэрлэгээ" компани давтсан тоогоор 2000 мянган айлд үйлчилгээ үзүүлсэн. Анх ганцаараа айл цэвэрлэж эхлүүлсэн бол одоо 20 гаруй ажилтантай болсон байна.
Монголдоо шинэлэгт тооцогдох гэр цэвэрлээгээний үйлчилгээ сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж байна. Гэтэл айлын муухай хогийг би яахаараа цэвэрлэх ёстой юм. Хорвоогийн хамгийн заваан ажил гэх хүмүүс ч байдаг гэнэ. Шантраад уйлаад явж байсан үе зөндөө ч нулимсаа арчаад эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ гэсэн бодлоор өнөөдрийг хүргэсэн гэдгээ дурсав... Цэвэрлэгээний үйлчилгээг зарц, ядарсан амьтан гэж үл хүндэтгэсэн байдал гаргадаг хүнтэй ч таарна. Эвий минь, жирэмсэн юм байна хэмээн хайрлаж хүлээж авах нь ч бий. Гэвч үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцахыг урьтал болгоно. Тэр ийм л замналаар өөрийгөө зурж яваа эгэл жирийн бүсгүй. "Өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоход бяцхан үрсийг минь харж өгсөн аав, ээжүүддээ талархаж явдаг. 2021 онд гар нийлж, компанийг минь өдий зэрэгтэй "өсгөлцөж" өгсөн ажилсаг эрч хүчээр дүүрэн эгч нартай баярладаг" гэв.
Цагийн болон үндсэн ажилтантай. Оюутан охидууд ч хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой өдрөө тохиролцоод цалинжаад ажиллана. Хандлага өөрчлөгдөж, оюутан охидууд хариуцлагатай ханддагыг хэлж байлаа.
Ханьтайгаа ярилцаад гэр бүлийн бизнес болгох шийдвэрийг гаргажээ. "Миний хань өглөө 06:00 цаг босч, ажилчдаа 07.00 цагт үйлчилгээ авах айлд нь хүргэж өгнө. Анх эхлүүлэхэд хэцүү байсан ч одоо өөр өндөрлөгт ирсэн. Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Би хүний итгэлийг алдаж, сэтгэлд нь сэв суулгачихгүй юмсан гэж хичээж явдаг. Миний хоёр хүүг Төгс-Ирээдүй, Төгс-Ялалт гэдэг. Тиймээс компаниа "Төгс Цэвэрлэгээ" гэж нэрлэсэн. Эзэгтэйгээс давж цэвэрлэж үйлчилгээ үзүүллээ гэж бодно шүү дээ. Гэтэл хүмүүс 29 ам метр байрыг 20 болгож тооцоод хийгээд өг гэдэг. Багадаа зургаан цаг болдог. Цэвэрлэгээ их хийх шаардлагатай айлд 15-20 цаг үргэлжилдэг. 6-7 цаг зогсоо зайгүй хөдөлж, тултал нь хийнэ. Ажилчдынхаа эрх ашиг, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Манай ажилчидтай үйлчлүүлэгч нар маань зүй зохистой харьцах хэрэгтэй. Гэхдээ дөнгөж эхлүүлж байгаа бидэн шиг хүмүүс татварт дарлуулдаг.
Хоёр хувиан бариад айл цэвэрлэнэ гээд алхаж явахдаа би хэзээ ч ичиж байгаагүй. Их сургууль төгсчихөөд "Чи юу хийгээд явна ч гэж бодоогүй. Би зөвхөн ирээдүйг л харсан. Аав ээж минь ч гэсэн "Миний охин мундаг байна" гэж хэлэхээс боль гэж ганц удаа ган хийгээгүй гэдэг. Ажлаа эхлээд удаагүй авга эгчтэйгээ хоёулхнаа явдаг байхад нь захиалга орж иржээ. Хийж дуусаад орой харих гээд Багшийн дээд дээр автобус хүлээгээд зогсч байхдаа дансандаа орсон 600 мянган төгрөгөө хараад уйлж байсан гэдэг. Би айлд хувин, цэвэрлэгээний бодистойгоо очсон шүү дээ гэж бодож "Ёстой сайхан цэвэрлэлээ. Мундаг охинд амжилт хүсье" гэсэн зургаан хүний бичсэн мессежийг уншаад өөрийн эрхгүй урссан хэмээн инээмсэглэн ярив.
Амьдрах сайхан шдээ. Ажлыг голж болохгүй. Чин сэтгэлээсээ хийх хэрэгтэйг үг, үйлдлээрээ батлан харуулж бизнесийн салбарт хөл тавиад удаагүй ч 20 хүнийг ажлын байраар хангаж яваа хосууд цэвэрлэгээний компаниа ирээдүйд өргөжүүлэх хүсэлтэй. Тэд хүн төвтэй. Өглөө хэдэн цагт хаана ч байсан хамаагүй ажилчдаа хүргэж өгнө. Шөнө тарсан ч гэр гэрт нь хүргэж өгснөөр тэдний нэг ажлын өдөр өндөрлөдөг байна. Шүүмжлэлийн ширүүхэн үгсийг хэлдэг ч хайр, хүндэлийг эн тэнцүү зэрэгцүүлж яваа бизнесийн салбарт өөрийн түүхийг гэгээн сайхнаар зурж яваа амьдралын "зураач" бүсгүйн ажлын зам, амжилтын карьер нь үргэлж дардан байг.
С.Ичинхорлоо
Та үйлчлүүлэхийрг хүсвэл https://www.facebook.com/%D0%A2%D3%A9%D0%B3%D1%81-%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%9A%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8-108936224340814 пэйж хуудсаар болон 8903 8419 утсаар холбогдоорой.


