С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” сэдвээр хэлэлцэв
Авлигатай тэмцэх газар, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” ТББ-тай хамтран барилгын салбарыг авлигаас ангид байлгах, авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд инженерүүдийн ёс зүйг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, хүнд суртал чирэгдэлгүй хүргэх чиглэлээр “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл, инженер, мэргэжилтнүүд нийт 130 хүн оролцов.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Сугармаа, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал М.Сугар, Монголын Барилгын инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганбат, “М Си Эс Проперти” ХХК-ийн дэд захирал Г.Эрдэнэбаатар, “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, мэргэшсэн инженер Б.Мөнхбаатар нар оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариуллаа.
Энэ үеэр Монголын барилгын салбар дахь инженер, мэргэжилтнүүдийн ёс зүйн тухай ойлголтыг судлан ёс зүйн хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг тодорхойлох, салбар дахь ёс зүйгүй үйлдэл, авлигатай холбоотой үйл ажиллагаа, хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор хийсэн судалгааны тайлан, “Монголын Барилгын инженерүүдийн холбооны инженерүүдэд мөрдүүлж буй ёс зүйн дүрмийн цар хүрээ, зохицуулалт”, “Барилгын салбар дахь авлигын гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. “Барилгын салбарын инженерүүдийн ёс зүй”, “Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос санал, шүүмжлэл багагүй гарч, төлөөлөгчид өөрсөддөө тулгарсан асуудлуудаа илэн далангүй хуваалцаж, асуудлуудыг хурцаар хөндөв.
Ийнхүү хэлэлцсэний үр дүнд барилгын салбарын инженерүүдийг ёс зүйг бэхжүүлэх, 2023 оноос хойш зураг төсөлгүй барилгын ажлууд тендер шалгаруулалтад орохгүй, зөвхөн төлөвлөгдсөн барилын ажил гүйцэтгэх, чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудад тавих хяналтын механизмыг сайжруулах, барилга эхлэхээс дуусах хүртэлх үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй, бодитой, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар ажлууд төлөвлөгдөж, түүний дагуу зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Зөвлөмжийг тун удахгүй олон нийтэд танилцуулах болно.