С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиож байна
Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Эрдэм, шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев нар нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Баделхан нарын хүндэт зочид урилгаар оролцов.
Бага хурлын үйл ажиллагаанд Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Гадаад бодлого судлалын хүрээлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат академи, Хөдөө, аж ахуйн их сургууль зэрэг хоёр улсын төр, засаг, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцов.
Бага хурлын хүрээнд “Монгол-Казахстаны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх боломжууд”, “Монгол-Казахстаны Парламент хоорондын хамтын ажиллагаа”, “Казахстан-Монголын харилцаа: амжилт ба ирээдүй”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв дэх сүүлийн үеийн логистикийн асуудлууд”, “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал дахь хоёр талт хамтын ажиллагаа” зэрэг илтгэл тавигдаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв.
Мөн бага хурлын үеэр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 30 жилийн ойн медалийг гардуулах ёслолын арга хэмжээ болж, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд асан Л.Баттулга нарт ойн медалийг гардуулав.