Х.Нямбаатар: Ерөнхий сайд мэдээлэлтэй байсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Энэ талаарх мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан" гэлээ.

"Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй" гэдгийг Ерөнхий сайд мэдэгдээд байсан юм.