С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сургуулийн бүс байгуулах төслийн урьдчилсан судалгаа хийж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга И Кан Санг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НЗДТГ, УБЗАА-наас КОЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа, цаашдаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн зүгээс аливаа төсөл, хөтөлбөрт мэдээ мэдээллээр хангаж, захиргааны чиглэлээр дэмжлэг үзүүлэн, бүх талаар хамтран ажиллана гэсэн юм. Түүнчлэн мэдээлэл технологи, цахим шилжилтээс гадна мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах, туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудыг сургалтад хамруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэллээ. Мөн тэрбээр “Улаанбаатар хотын Хот, нийтийн аж ахуйд баримтлах журмыг боловсруулж байгаа. Уг журмын төсөлд туршлага солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.
Харин КОЙКА-гийн хувьд Улаанбаатар хоттой байгаль орчин, хөдөө аж ахуй, захиргаа, зам тээвэр гэсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллах стратеги баримталж буйгаа онцолж, цаашдаа нийслэлийн зүгээс дэвшүүлэх саналыг ярилцан хэлэлцэж, дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тус байгууллагаас хотын хөгжилд боловсрол, боловсон хүчний талаас хувь нэмэр оруулах зорилгоор ШУТИС-д Хот хөгжлийн танхим байгуулж байгаа аж. Мөн хүүхэд багачууд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс School zone буюу Сургуулийн бүс байгуулах төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийж буй юм.
Уг төслийн тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа тул тулгамдаж буй асуудал олон бий. Тэдгээрийг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс туслалцаа үзүүлж, зарим салбарт төсөл хэрэгжүүлэх гэж буйд талархаж байна. Сургуулийн бүс байгуулах төслийг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, судалгааны ажилд хамтран ажиллах болно” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал солилцож, бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.